МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.”борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.2. “бараа”гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг;
4.1.3.”ажил” гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан “ажил гүйцэтгэх” гэснийг;
4.1.4.”үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;
4.1.5.”аж ахуйн үйл ажиллагаа” гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.6.”оршин суугч эсхүл оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах байдлаар тус тус тодорхойлсон этгээдийг хэлнэ:
4.1.6.а.”оршин суугч”, гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг;
/Энэ дэд заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.6.б.”оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг;
/Энэ дэд заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.7.”орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нийтийн болон амины орон сууцны барилгыг;
4.1.8.”нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;
4.1.9.”гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа” гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна;
4.1.10.”төлбөр тооцоо хийх” гэж бэлэн ба бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг;
4.1.11.”нэгдсэн систем хариуцагч” гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний цахим баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;
4.1.12.”хэрэглэгчийн систем нийлүүлэгч” гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн үйл ажиллагаанд зориулсан бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг нийлүүлэх хуулийн этгээдийг;
4.1.13.”нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;
4.1.14.”төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;
4.1.15.”дахин давтагдашгүй төлбөрийн дугаар” гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг;
4.1.16.”бүртгэлийн хэрэгсэл” гэж бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, төлбөр төлж, борлуулалт хийснийг нотлох зориулалт бүхий төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан тусгай таних тэмдэг бүхий эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан төлбөр, төлбөрийн карт болон түүнтэй адилтгах мэдээлэл хадгалах, дамжуулах боломж бүхий бүх төрлийн төлбөр тооцооны бүртгэлийн хэрэгслийг;
4.1.17.”бүртгэлийн машин” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг;
4.1.18.”бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг;
4.1.19.”нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг;
4.1.20.”нэгдсэн систем” гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйлдэлтэй системийг;
4.1.21.”хэрэглэгчийн систем” гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд зориулсан бараа, агуулах, борлуулалтын бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ
5 дугаар зүйл.Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч
5.1.Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.2.Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:
5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;
5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;
5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.
5.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол энэ хуулийн 5.2-т хамаарна.
5.4.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй.
5.5.Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.
6 дугаар зүйл.Албан татвар суутган төлөгчийн бүртгэл
6.1.Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Харьяалах татварын алба энэ хуулийн 6.1-д заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.
6.3.Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.
6.4.Албан татвар суутган төлөгч нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилсөн тохиолдолд албан татвар суутган төлөгчийн харилцаа, эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна.
6.5.Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.2-т заасан орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлж болно.
6.6.Албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.
6.7.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээг олгосноор тухайн албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн системд шууд бүртгэгдэнэ.
6.8.Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.
6.9.Албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
6.10.Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
6.11.Энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР НОГДОХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
7 дугаар зүйл.Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ
7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:
7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;
7.1.2.гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;
7.1.3.Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.
7.2.Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:
7.2.1.эрх борлуулах;
7.2.2.албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 6.9-д заасан болон бусад үндэслэлээр албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан, түүнчлэн албан татвар суутган төлөгч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх;
7.2.3.нотариатын үйлчилгээ;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.2.4.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;
7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
7.2.6.цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;
7.2.7.бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.8.зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.9.үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.10.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, программ хангамж, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;
7.2.11.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах үйлчилгээ үзүүлэх;
7.2.12.Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх;
7.2.13.бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах;
7.2.14.хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;
7.2.15.төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;
7.2.16.шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/;
7.2.17.өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;
7.2.18.үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ зэрэг энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад бүх төрлийн үйлчилгээ.
7.3.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад доор дурдсан нөхцөлийг хангасан байна:
7.3.1.тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх;
7.3.2.борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх.
7.4.Энэ хуулийн 7.3.1-д энэ хуулийн 7.2.5 дахь заалт хамаарахгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХ ЖУРАМ
8 дугаар зүйл.Албан татвар ногдуулах
8.1.Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:
8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;
8.1.2.санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд;
8.1.3.энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авах санхүүжилтийн хэлэлцээрийн зүйлийг худалдан авсан бол төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд.
8.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.
8.4.Энэ хуулийн 11.4-т заасан албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйл.Албан татвар тооцох үнэлгээ
9.1.Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно:
9.1.1.импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж;
9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.3.энэ хуулийн 7.2.1, 7.2.2-т заасан үйл ажиллагаанд албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.4.эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчийн төлсөн нийт мөнгөн дүнгээр;
9.1.5.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийн дүнгээр;
9.1.6.энэ хуулийн 7.2.12-т заасан зуучлалын үйлчилгээний хувьд зуучлалын гэрээнд заасан зуучлалын шагнал, хөлсний дүнг гэрээнд тусгайлан заагаагүй бол тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.7.энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авч, санхүүжилт хийж байгаа этгээдийн татвар тооцох үнэлгээг шаардах эрхэд хамаарах нийт үнийн дүнгээс санхүүжилтэд өгсөн үнийн дүнг хасч.
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:
9.2.1.борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй;
9.2.2.бараа,ажил, үйлчилгээг харилцан солилцсон;
9.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан.
9.3.Албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол түүнийг энэ хуулийн 10.2-т зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
10 дугаар зүйл.Албан татвар ногдуулах хугацаа
10.1.Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.
10.2.Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:
10.2.1.борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;
10.2.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт./
10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.
10.3.Цахилгаан, дулаан, хий, усан хангамж, шуудан, харилцаа холбооны болон бусад тогтмол үйлчилгээнд албан татвар ногдуулах хугацааг төлбөрийн баримт үйлдсэн буюу төлбөрийг хүлээн авсан өдрийн аль түрүүнд хийгдсэнээр нь тогтооно.
10.4.Энэ хуулийн 7.2.2-т заасан бараанд албан татвар ногдуулах хугацааг тухайн барааг өөртөө үлдээсэн өдрөөр тогтооно.
10.5.Бараа импортоор оруулсан бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр албан татвар ногдуулах хугацааг тогтооно.
ТАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ
11 дүгээр зүйл.Албан татвар ногдуулах хувь
11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.
11.2.Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /”0″/-тэй тэнцүү байна.
11.3.Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувиар ногдуулна.
11.4.Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татварын хувийг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.
12 дугаар зүйл.Албан татварын тэг /”0″/ хувь хэрэглэх
12.1.Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:
12.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;
12.1.2.Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;
12.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ;
12.1.4.Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;
12.1.5.олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүн, зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;
12.1.6.Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос;
12.1.7.ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн.
12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй.
12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар суутган төлөгчид хамаарна.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.4.Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй.
12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ
13 дугаар зүйл.Албан татвараас чөлөөлөх
13.1.Дараах барааг албан татвараас чөлөөлнө:
13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;
13.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
13.1.3.гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
13.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
13.1.5.зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.1.6.иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Тайлбар: “Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.
13.1.7.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;
13.1.8.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
13.1.9.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
13.1.10.гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт;
13.1.11.борлуулсан алт;
13.1.12.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
13.1.13.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
13.1.14.банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх;
13.1.15.газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
13.1.16.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн;
13.1.17.Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн;
13.1.18.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
13.1.19.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис;
13.1.20.импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал;
13.1.21.экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир;
13.1.22.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
13.1.23.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
13.1.24.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж;
13.1.25.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
13.1.26.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос;
13.1.27.чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.
13.1.28.сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.
/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.2.Энэ хуулийн 13.1.6, 13.1.9, 13.1.12, 13.1.18, 13.1.19, 13.1.20, 13.1.22, 13.1.28-д хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.3.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.4 дэх заалт хамаарахгүй.
13.4.Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамаарахгүй.
13.5.Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө:
13.5.1.валют солих үйлчилгээ;
13.5.2.мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;
13.5.3.даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;
13.5.4.үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;
13.5.4.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.6-д заасан санхүүгийн хэрэгслийг анхдагч, хоёрдогч зах зээл болон биржийн бус зах зээлд бүртгүүлэх, гаргах, арилжих, шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, хадгалах үйл ажиллагаа болон тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;
/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.5.5.зээл олгох үйлчилгээ;
13.5.6.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;
13.5.7.банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүү, 10.1.3-т заасан хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.5.8.орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ;
13.5.9.боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;
13.5.10.эрүүл мэндийн үйлчилгээ;
13.5.11.шашны байгууллагын үйлчилгээ;
13.5.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна;
13.5.13.Автотээврийн тухай хуулийн[6] 3.1.11-д заасан нийтийн тээврийн үйлчилгээ;
13.5.14.аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
13.5.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
13.5.16.оршуулгын үйлчилгээ.
13.5.17.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого эх үүсвэр, сангийн хөрөнгө оруулалтын орлого.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.5.18.мал эмнэлгийн үйлчилгээ.
/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.5.19.нотариатын үйлчилгээ.
/Энэ заалтыг 2019 оны051 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.5.20.виртуал хөрөнгийн үйлчилгээ.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.6.Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд /импортоор оруулахаас бусад/-ийг албан татвараас чөлөөлнө.
13.7.Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад энэ хуулийн 13.5.10 дахь заалт хамаарахгүй.
13.8.Энэ хуулийн 13.5.14-т заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй.
13.9.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.
13.10.Энэ хуулийн 13.1.15, 13.1.16, 13.1.17-д заасан барааг дамжуулан борлуулж байгаа этгээдэд энэ хуулийн 13.1 дэх хэсэг хамаарахгүй.
13.11.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.12.Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ 13.5.12-т хамаарахгүй.
13.13.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагсдад энэ хуулийн 13.1.23-т заасан албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ төлсөн албан татварыг буцаан олгох зарчмыг баримтална.
13.14.Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ;
13.15.Энэ хуулийн 13.14-д заасан төсөл, арга хэмжээний нэр, түүнийг хэрэгжүүлэгч этгээд, төслийн санхүүжилтын дүн, төсөл хэрэгжүүлэх хугацааг Засгийн газар батална.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ, БУЦААН ОЛГОЛТ
14 дүгээр зүйл.Албан татварт хасалт хийх
14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:
14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;
14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн;
14.1.3.албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;
14.1.4.мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна:
14.1.5.а.барилга, байгууламж 10 жилээр;
14.1.5.б.тоног төхөөрөмж 5 жилээр; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна./
14.1.5.в.энэ хуулийн 14.1.5.а,14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд.
/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.2.Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан бол төлбөл зохих албан татвараас хасалт хийхгүй. Хоршоо гишүүнийхээ энэ хуулийн 14.1.4-т заасан барааг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол дамжуулан борлуулсанд тооцохгүй.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.3.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ.
14.4.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ.
14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.
14.6.Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:
14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;
14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.5.ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.7.Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийн гэрээ, дүрэмд тусган түүний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар суутган төлөгчид энэ хуулийн 14.6.1 дэх заалт хамаарахгүй.
14.8.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна:
14.8.1.дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;
14.8.2.хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох;
14.8.3.татвар төлөгчид буцаан олгох.
14.9.Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно.
14.10.Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.11.Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 7.2.16-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан гэрээний хуваарьт үндэслэж, хуваарийн дагуу төлсөн албан татварын дүнгээр хасалт хийнэ.
15 дугаар зүйл.Албан татварыг буцаан олгох
15.1.Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:
15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ;
15.1.2.харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.2.Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:
15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.2.2.сугалааны тохирлоор.
15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:
15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
15.4.Татварын алба нь энэ хуулийн 15.2.1-д заасны дагуу тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.5.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан олгоно.
15.6.Энэ хуулийн 15.5-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
15.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.
15.9.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.10.Энэ хуулийн 15.2.1-д заасан буцаан олгох татварын хэмжээг төлбөр тооцооны хэлбэрээс хамааруулж, 15.2.2-т заасан урамшууллын хэлбэр, түүнийг явуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.11.Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй.
15.12.Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно.
15.13.Буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна.
15.14.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15 дугаар зүйлийн 15.2-т заасан урамшуулал давхцахгүй.
15.15.Албан татвар төлөгчийн импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварт энэ хуулийн 15.2 дахь хэсэг хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
НАЙМДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ
16 дугаар зүйл.Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах
16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:
16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;
16.1.2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;
16.1.3.энэ хуулийн 16.2-т заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16.1.2 дахь заалт хамаарахгүй;
16.1.4.энэ хуулийн 7.2.4-т заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх.
16.2.Импортын бараанд албан татварыг доор дурдсан журмаар ногдуулж тайлагнана:
16.2.1.гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1.1-д заасан импортын бараанд энэ хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна;
16.2.2.импортлогч нь энэ хуулийн 16.2.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ;
16.2.3.гаалийн удирдах төв байгууллага албан татвар төлүүлсэн тухайн сарын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
16.2.4.компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна;
16.2.5.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.
16.3.Энэ хуулийн 16.2-д заасан импортын барааны албан татварын тайлангийн маягтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
16.4.Импортын бараанд ногдуулж төлүүлсэн албан татварын тухай мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд гаргаж өгнө.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
17 дугаар зүйл.Нэгдсэн ба хэрэглэгчийн систем
17.1.Нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.2.Нэгдсэн систем хариуцагч дараах үүрэгтэй:
17.2.1.нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах;
17.2.2.хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах;
17.2.3.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тохирол, буцаан олголтын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.3.Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;
17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;
17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;
17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.
17.4.Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна.
17.5.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.
17.6.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
17.7.Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг доор дурдсанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно:
17.7.1.татварын алба;
17.7.2.статистикийн алба;
17.7.3.тухайн мэдээллийг дамжуулагч этгээд.
18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
18.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД