Үнэ шилжилтийн тайлан

Татварын ерөнхий хууль

. . .

37 дугаар зүйл.Үнэ шилжилтийн ерөнхий зарчим

37.1.Хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөлийг бие даасан ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулахад орлого, ашиг болон татварын суурьд нөлөөлөх үзүүлэлтүүд нь ялгаатай бөгөөд үүнээс хамаарч татварын суурь буурсан бол уг буурсан дүнгийн зөрүүгээр татварын суурийг нэмэгдүүлж, холбогдох татварыг нөхөн ногдуулна.

37.2.Хяналтад байгаа ажил гүйлгээнд хамаарах татварын суурь нь түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээнд хамаарах татварын сууриас багагүй байна.

37.3.Энэ хуулийн 37.2-т зааснаар хяналтад байгаа ажил гүйлгээний татварын суурийг тодорхойлохдоо уг ажил гүйлгээтэй харьцуулагдаж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлтэй нийцэж байгаа эсэхийг дараах байдлаар тогтооно:

37.3.1.ажил гүйлгээний үнэ, нөхцөл;

37.3.2.ажил гүйлгээ хийх бодит шаардлага байсан эсэх;

37.3.3.талууд харилцан хүлээсэн үүргээ биелүүлсэн, эсхүл бодит ажил гүйлгээ хийгдсэн эсэх.

37.4.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн гэрээний нөхцөл болон бодит гүйцэтгэлийн хооронд зөрүү үүссэн тохиолдолд гэрээний талуудын оролцоо, чиг үүрэг, гүйцэтгэл, зарцуулсан хөрөнгө, хүлээсэн эрсдэл зэрэг бодит гүйцэтгэлийг харгалзан татварын суурьт тохируулга хийнэ.

38 дугаар зүйл.Үнэ шилжилтийн тaйлан

38.1.Үнэ шилжилтийн тайланг дараах байдлаар ангилна:

38.1.1.үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан;

38.1.2.дотоод үнэ шилжилтийн тайлан;

38.1.3.ерөнхий үнэ шилжилтийн тайлан;

38.1.4.улс бүрээр тайлан.

38.2.Татвар төлөгч хяналтад байгаа ажил гүйлгээний мэдээллийг хадгалах, тайлагнах үүрэг хүлээнэ.

38.3.Татвар төлөгч татварын хяналт шалгалт хийхээс өмнө болон хийгдэх үед үнэ шилжилтийн тайлантай холбогдох татварын албаны шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.

38.4.Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ.

38.5.Дотоод үнэ шилжилтийн тайлан дараах мэдээллийг агуулна:

38.5.1.Монгол Улсад байрладаг татвар төлөгч, эсхүл төлөөний газрын бизнесийн үйл ажиллагаа болон бизнесийн стратеги, бодлогын талаарх мэдээлэл;

38.5.2.хяналтад байгаа ажил, гүйлгээний харьцуулагдах байдлын шинжилгээ хийхэд шаардагдах мэдээлэл, харьцуулагдах боломжтой бие даасан ажил гүйлгээний мэдээлэл, ашигласан үнэ шилжилтийн аргачлал болон холбогдох бусад мэдээлэл;

38.5.3.Монгол Улсад байрладаг татвар төлөгчтэй холбогдох ажил, гүйлгээний санхүүгийн мэдээлэл;

38.5.4.энэ хуулийн 38.9-д заасан журамд шаардагдах бусад мэдээлэл.

38.6.Ерөнхий үнэ шилжилтийн тайлан дараах мэдээллийг агуулна:

38.6.1.групп болон группийн оролцогчдын хувьцаа, хувь оролцооны шууд болон шууд бус эзэмшлийн бүтэц;

38.6.2.групп болон группийн оролцогчдын үйл ажиллагаа явуулж байгаа газар зүйн байрлал;

38.6.3.бизнесийн үндсэн үйл ажиллагаа, борлуулалт, худалдан авалт, нийлүүлэлтийн суваг, нэмүү өртөг үүсгэхэд ашиглагдаж байгаа голлох хөрөнгө, групп болон группийн оролцогчдын үйл ажиллагааны чиг үүрэг, хүлээх эрсдэл, тухайн санхүүгийн жилд гарсан бүтцийн өөрчлөлтөд нөлөөлсөн томоохон ажил гүйлгээний мэдээлэл;

38.6.4.групп болон группийн оролцогчдын эзэмшиж байгаа биет бус хөрөнгө, тэдгээрийн эзэмшлийн бүтэц, биет бус хөрөнгөтэй холбогдуулан баримталж байгаа үнэ шилжилтийн бодлого;

38.6.5.групп болон группийн оролцогчдын хооронд хийгдсэн санхүүгийн ажил гүйлгээ болон үүнтэй холбогдуулан баримталж байгаа үнэ шилжилтийн бодлого;

38.6.6.групп, түүний оролцогчид, эсхүл тухайн татвар төлөгчийн санхүүгийн болон татварын асуудлаар баримталж байгаа бодлого, бусад улсын татварын албатай байгуулсан нэг болон хоёр талт үнэ урьдчилан тохиролцох гэрээний мэдээлэл;

38.6.7.харилцан хамааралтай этгээдийн энэ хуулийн 38.6.1, 38.6.2, 38.6.3, 38.6.4, 38.6.5, 38.6.6-д заасантай адилтгах болон энэ хуулийн 38.9-д заасан журамд шаардагдах мэдээлэл.

38.7.Улс бүрээр тайлан гаргах этгээд, тайлагнах нарийвчилсан харилцааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар зохицуулна.

38.8.Дараах татвар төлөгч энэ хуулийн 38.1.2, 38.1.3-т заасан тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ:

38.8.1.өмнөх татварын жилд зургаа болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон;

38.8.2.группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь зургаа болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон;

38.8.3.гадаадын хөрөнгө оруулалттай.

38.9.Энэ хуулийн 38.1-д заасан үнэ шилжилтийн тайлан тус бүрийн маягтын загвар, түүнийг нөхөх заавар, тайлагнах нарийвчилсан харилцааг зохицуулсан журмыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, жишиг баримт бичгүүдэд нийцүүлэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

. . .

Leave a Reply

Your email address will not be published.