1. Нэхэмжлэх

НХМаягт ТМ-1

Нэхэмжлэх нь ачуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх үндсэн баримт болох бөгөөд бүх төрлийн тооцооны дансдыг хөтлөх анхан шатны баримт болно. Нэхэмжлэхийг тоон дэс дарааллаар дугаарлана. НӨАТ гэсэн мөрөнд нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил үйлчилгээнд ногдох Нэмэгдсэн өртгийн албан татварыг бичнэ. Хэсгийн дүнг тухайн үед мөрдөж буй НӨАТ-ийн хувиар үржүүлж НӨАТ-ийн дүнг тооцоолно. Нэхэмжлэгч байгууллагын дарга, нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга дарна.

Нэхэмжлэх хүлээн авсан тохиолдолд аккурэль сууриар холбогдох дансны бичилтийг хийж бүртгэлд тусгана.

  1. Мөнгөн урьдчилгааны тайлан

НХМаягт ТМ-2

         Мөнгөн урьдчилгааны тайлан нь гадаад, дотоод албан томилолт, хангамжийн урьдчилгаа гэх мэт бүх төрлийн мөнгөн урьдчилгааны гүйцэтгэлийг тайлагнах  үндсэн баримт юм. Урьдчилгаа авагчын гаргасан гүйцэтгэл ба олгосон урьдчилгаа, холбогдох анхан шатны баримттай харьцуулан нягтлан бодогч урьдчилгаа тайланг хянах ба илүү/дутуу зарцуулалтыг урьдчилгааны зориулалт тус бүрээр гаргана. Хянасан дүн гэсэн баганад нягтлан бодогч баримтаар нотлогдож, тооцсон дүнг бичих ба илүү эсвэл дутуу зарцуулалтыг  урьдчилгааны зориулалт бүрээр холбогдох мөрөнд бичнэ.

           Үлдэгдэл буюу илүү зарцуулсан дүнгийн талаар мөнгөн орлого зарлагын хэддүгээр баримтаар орлого эсвэл зардал болгосон шийдвэрийг  тэмдэглэнэ. Энэ тэмдэглэлийг хянасан нягтлан бодогч үйлдэнэ.

  • Тооцооны үлдэгдлийн баталгаа

НХМаягт ТМ-3

Харилцагч талуудын хооронд гарсан ажил гүйлгээг тодруулан тайлант үеийн эцэс дэх хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулахдаа улирал, жилийн эцэст харилцагч талууд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэнэ. Шаардлагатай бол санхүүгийн тайлангийн дундуур хийж болно. Тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтлөнө. 2 байгууллагын тооцооны баримтыг тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтад  нэгтгэж гаргана.

  1. Жолоочийн тооцооны хуудас

НХМаягт ТМ-4

Тухайн байгууллагын хөнгөн тэрэг нь ямар албан тушаалтны хэрэгцээнд үйлчилсэн талаархи гүйцэтгэлийг гаргахдаа жолоочийн тооцооны хуудасыг хэрэглэнэ. Хөнгөн тэрэг хэрэглэсэн албан тушаалтан хэдэн км явснаа хянаад гарын үсэг зурна. Тооцоог нягтлан бодогч хийж, нийт дүнгээр түлш, шатахууны хэмнэлт, хэтрэлтийг гаргана.

5.  Төлбөрийн баримт

                                                                                                      НХМаягт ТМ-5

Төлбөрийн баримт нь бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтад борлуулагч, худалдан авагчийг таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр  тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, татварын дүнг тусгана. Төлбөрийн баримтыг цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын QR кодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын Стандарт МNS 6529:2015 “Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлага”-д заасан загварын дагуу бүртгэлийн машинаар хоёр хувь үйлдэнэ.