1. Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх
баримт
НХМаягт ҮХ-1
Аж ахуйн нэгж, байгууллага үндсэн хөрөнгийг шинээр хүлээн авах буюу зохих шийдвэрээр шилжүүлэхэд байгууллагын дарга, захирлын тушаал болон холбогдох шийдвэрээр томилогдсон комисс хөрөнгийн нэр төрөл бүр дээр хүлээн авахад нэг хувь, шилжүүлэхэд 2 хувь нөхөж бичнэ.
Үндсэн хөрөнгийг шинээр хүлээн авахад томилогдсон комисс дагалдан ирсэн баримт бичгийг үндэслэн ҮХ-1 маягтыг асуултын дагуу нөхөн бичиж, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлаар батлуулан, дагалдах баримтыг хавсарган ажлын 3 хоногийн дотор нягтлан бодогчид ирүүлнэ.
Үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч, баримт, дагалдан ирсэн бичиг баримтыг тулган шалгасны эцэст үндсэн хөрөнгийн дансанд бичилт хийж, НХМаягт БМ-10-ийг асуултын дагуу нөхөн хөтөлнө.
ҮХ-1 баримт нь орлого болгох, шилжүүлэхтэй холбогдсон үндсэн баримт болж санхүүгийн баримтанд хадгалагдана.
Дансны бичилт:
ДТ: Үндсэн хөрөнгө
КТ: Мөнгө эсвэл өр төлбөр
2. Үндсэн хөрөнгийн өргөтгөл, сайжруулалт, их засварыг
хүлээн авах баримт
НХМаягт ҮХ-2
Үндсэн хөрөнгийн өргөтгөл, сайжруулалт, их засвар хийсэн зэрэгт гарч байгаа зардлын хэмжээг тухай бүрд нь үнэн зөв тодорхойлох, засварын ажлын чанарт үнэлэлт өгөх зорилгоор ажил гүйцэтгэгчийн төлөөлөгчийг байлцуулан ерөнхий (ахлах), нягтлан бодогч баримтыг 2 хувь үйлдэж, байгууллагын дарга, захирал болон холбогдох эрх бүхий албан тушаалтнаар батлуулж, нэгдүгээр хувийг өөртөө авч, үлдэх хувийг засварын ажил гүйцэтгэгчид өгнө.
Үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч ҮХ-2 баримтыг үндэслэн дансны бичилтийг хийж, НХМаягт БМ-10-ын холбогдох үзүүлэлүүдийг нөхөн хөтөлнө. Санхүүгийн баримт болгон хадгална.
- Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт
НХМаягт ҮХ-3
Төрөл бүрийн үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасах шалтгааныг тогтоох зорилгоор үндсэн хөрөнгийн нэр төрөл тус бүр дээр ҮХ-3 баримтыг томилогдсон комисс 2 хувь бичиж, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлаар батлуулсаны эцэст нэгдүгээр хувийг нягтлан бодогчид, хоёрдугаар хувийг материал хүлээн авагчид ирүүлнэ.
Хариуцсан нятлан бодогч ҮХ-3 баримтыг үндэслэн дансанд бичилт хийж НХМаягт БМ-10-ийг асуултын дагуу нөхөн хөтөлж баримтыг хадгална.
Дансны бичилт: Өртгөө бүрэн нөхсөн хөрөнгийн хувьд:
ДТ: Хуримтлагдсан элэгдэл
КТ: Үндсэн хөрөнгө
Үлдэгдэл өртөгөөс илүү үнээр борлуулсан хөрөнгийн хувьд:
ДТ: Мөнгөн хөрөнгө
ДТ: Хуримтлагдсан элэгдэл
КТ: Үндсэн хөрөнгө
КТ: Үндсэн хөрөнгө борлуулсны олз
- Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас
НХМаягт ҮХ-4
Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодод нэг цех, тасаг, хэсэг, бригад хэлтсээс нөгөө цех, тасаг, хэсэг, бригад хэлтэст үндсэн хөрөнгийг шилжүүлэх агуулах, складаас ашиглалтанд өгөхөд зохих шийдвэрийг үндэслэн цех, тасаг, бригадын дарга, мастер, агуулахын нярав нар 2 хувь бичиж, нэгдүгээр хувийг нягтлан бодогчид, үлдэх хувийг хөрөнгө хүлээн авагчид ирүүлнэ. Хариуцсан нягтлан бодогч дагалдах хуудсыг хүлээн авч, НХМаягт БМ-10-д бичилт хийж баримтанд хавсарган хадгална.