НББОУС 39: САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР: ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ БА ХЭМЖИЛТ
Цар хүрээ:
Бүх аж ахуй нэгж нь дараах тохиолдолд СТОУС 9-н цар хүрээнд хамаарах бүх санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэхүү стандартыг мөрдөнө.
- СТОУС 9 нь энэ стандартад заасан хейжийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудыг даган мөрдөхийг зөвшөөрдөг.
- Тухайн санхүүгийн хэрэглүүр нь энэ стандартын дагуу хейжийн нягтлан бодох бүртгэлийн шалгуурыг хангах хейжийн харилцааны нэг хэсэг байх.
Тодорхойлолт:
Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
Хейжийн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой тодорхойлолт
Арилжааны баталгаа гэдэг нь ирээдүйн товлосон өдөр, тогтоосон үнээр, тодорхой хэмжээний нөөцийг солилцох заавал биелүүлэх гэрээ юм.
Урьдчилан таамаглсан ажил гүйлгээ гэдэг нь баталгаа гаргаагүй боловч урьдчилан төсөөлсөн ирээдүйн ажил гүйлгээ юм.
Хейжийн хэрэглүүр гэдэг нь сонгосон хейжийн зүйлийн бодит үнэ цэнийн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтийг өөрийн бодит үнэ цэнээр эсвэл мөнгөн гүйлгээгээр нөхөхөөр хүлээгдэж буй, сонгосон үүсмэл хэрэглүүр эсвэл сонгосон үүсмэл бус санхүүгийн хөрөнгө, үүсмэл бус санхүүгийн өр төлбөр юм. 72-77-р параграф болон хавсралт А-гийн ЗУ94-ЗУ97-р параграфт тайлбарласан.
Хейжийн зүйл гэдэг нь (а) өөрийн бодит үнэ цэнийн эсвэл ирээдүйн мөнгөн гүйлгээний өөрчлөлтийн хувьд тухайн аж ахуй нэгжийг эрсдэлд өртүүлдэг,(б) хейж хийхээр сонгосон тийм хөрөнгө, өр төлбөр, арилжааны баталгаа, хэрэгжих өндөр магадлалтай урьдчилан таамагласан ажил гүйлгээ, гадаад үйл ажиллагаанд оруулсан цэвэр хөрөнгө оруулалт юм.
Хейжийн үр дүнтэй байдал гэдэг нь хейж хийсэн эрсдэлд хамаарах уг хейжийн зүйлийн бодит үнэ цэнийн эсвэл мөнгөн гүйлгээний өөрлөлтийг тухайн хейжийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтөөр нөхөх хэмжээ юм.
Хейж
Аж ахуй нэгж нь СТОУС 9-г мөрддөг, иймээс энэхүү стандартад заасан хейжийн нягтлан бодох бүртгэлийн шалгууруудыг цаашид өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого болгон сонгохоо больсон бол уг аж ахуй нэгж нь СТОУС 9-ийн 6-р бүлэг дэх хейжийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудыг даган мөрдөнө. Гэхдээ санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийн багцын тодорхой нэг хэсгийн хүүний түвшиний өөрчлөлттэй холбоотой бодит үнэ цэнийн хейжийн хувьд, аж ахуй нэгж нь СТОУС 9-н 6.1.3-р параграфын дагуу СТОУС9-ийн шаардлагуудыг биш, харин энэ стандартад заасан хейжийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудыг мөрдөж болох юм. Энэ тохиолдолд аж ахуй нэгж нь хүүний түвшиний эрсдлийн багц хейжийн хувьд бодит үнэ цэнийн хейжийн нягтлан бодох бүртгэлд хамаарах тусгай шаардлагуудыг мөн даган мөрдөх ёстой. 81А, 89А параграф болон ЗУ114-ЗУ132-р параграфыг үзнэ үү.
Хейжийн нягтлан бодох бүртгэл
Хейжийн харилцаа дараах 3 төрөлтэй байдаг.
- Бодит үнэ цэнийн хейж: хүлээн зөвшөөрсөн хөрөнгө буюу өр төлбөрийн эсвэл хүлээн зөвшөөрөөгүй арилжааны, баталгааны, эсвэл ийм хөрөнгө, өр төлбөр, арилжааны, баталгааны тогтоосон бүрэлдэхүүн хэсгийн бодит үнэ цэнэд гарах бөгөөд тодорхой эрсдэлд хамааруулж болох, түүнчлэн ашиг, алдагдалд нөлөө үзүүлэх өөрчлөлтүүдийн хувьд хийгдэх хейж.
- Мөнгөн гүйлгээний хейж: дараах шинж бүхий мөнгөн гүйлгээний хувьсан өөрчлөлтийн хувьд хийгдэх хейж: (i) хүлээн зөвшөөрсөн хөрөнгө буюу өр төлбөртэй (хувьсах хүүтэй өрийн ирээдүйн бүх буюу зарим хүүний төлбөр гэх мэт) эсвэл хэрэгжих өндөр магадлалтай урьдчилан таамагласан ажил гүйлгээтэй холбоотой тодорхой эрсдэлд хамааруулж болох, ба (ii) ашиг, алдагдалд нөлөө үзүүлэх,
- Гадаад үйл ажиллагаанд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын хейж, үүнийг НББОУС 21-д тодорхойлсон.
Дараах бүх нөхцлүүд хангагдсан зөвхөн тийм тохиолдолд хейжийн харилцаа нь 89-102-р параграфын дагуу хейжийн нягтлан бодох бүртгэлийн шалгуурыг хангана.
- Хейжийн эхэнд, уг хейжийн харилцаа, түүнчлэн хейжийг хийх тухайн аж ахуй нэгжийн эрсдлийн удирдлагын зорилго ба стратегийн талаархи албан ёсны сонголт болон баримтжуулалт хийгдсэн байх. Ийм баримтжуулалт нь хейжийн хэрэглүүр, хейжийн зүйл буюу ажил гүйлгээ, хейж хийгдэж буй эрсдлийн шинж төрөл, хейж хийсэн эрсдэлд хамаарах уг хейжийн зүйлийн бодит үнэ цэнийн буюу мөнгөн гүйлгээний өөрчлөлтийн эрсдлийг нөхөх тухайн хейжийн хэрэглүүрийн үр дүнтэй байдлыг аж ахуй нэгж хэрхэн үнэлэх талаархи тодорхойлолтыг агуулсан байдаг.
- Хейж нь уг хейж хийгдэж буй эрсдэлд хамаарах бодит үнэ цэнийн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтийг нөхөхөд өндөр үр дүнтэй (хавсралт А-гийн ЗУ105-ЗУ113А параграф) бөгөөд тухайн хейжийн харилцааны хувьд анх баримтжуулсан эрсдлийн удирдлагын стратегитай нийцнэ гэж хүлээгдэж байх.
- Мөнгөн гүйлгээний хейжийн хувьд тухайн хейжийн зүйл болох урьдчилан таамагласан ажил гүйлгээ нь хэрэгжих өндөр магадлалтай байх ёстой бөгөөд ашиг, алдагдалд эцэстээ нөлөө үзүүлэх мөнгөн гүйлгээний хэлбэлзэл өөрчлөлтийн эрсдлийг илэрхийлдэг байх.
- Хейжийн үр дүнтэй байдлыг найдвартай хэмжиж чадахаар байх. Өөрөөр хэлбэл тухайн хейжийн хийсэн эрсдэлд хамаарах хейжийн зүйлийн бодит үнэ цэнэ буюу мөнгөн гүйлгээ болон хейжийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийг найдвартай хэмжиж чадахаар байх.
- Хейжийг тасралтгүй сууриар үнэлэх бөгөөд уг хейжийг сонгосон тухайн санхүүгийн тайлагналын үеийн туршид түүнийг өндөр үр дүнтэй байна гэдгийг бодитоор тодорхойлсон байх.
Бодит үнэ цэнийн хейж
Хэрэв бодит үнэ цэнийн хейж нь тухайн тайлант үеийн туршид 88-р параграфт заасан нөхцлүүдийг хангаж байвал түүнийг дараах байдлаар тайлагнана.
- Хейжийн хэрэглүүрийг (үүсмэл хейжийн хэрэглүүрийн хувьд) бодит үнэ цэнээр дахин хэмжснээр үүссэн эсвэл НББОУС 21-ийн дагуу хэмжсэн (үүсмэл бус хэрэглүүрийн хувьд) түүний дансны үнэ дэх гадаад валютын бүрэлдэхүүн хэсгээс үүссэн олз, гарзыг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө; ба
- Хейж хийсэн эрсдэлд хамаарах тухайн хейжийн зүйлийн олз, гарзаар энэхүү хейжийн зүйлийн дансны үнийг тохируулах ба ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Хейжийн зүйлийг өртгөөр өөрөөр хэмжсэн бол үүнийг мөрдөнө. Тухайн хейжийн зүйл нь СТОУС 9-ийн 4.1.2А параграфын дагуу бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө байх тохиолдолд уг хейж хийсэн эрсдэлд хамаарах олз, гарзыг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
Санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийн багцын хүүний түвшний эрсдэлтэй хэсэгт хамаарах бодит үнэ цэнийн хейжийн (зөвхөн ийм хейжийн) хувьд уг хейжийн зүйлтэй холбоотой олз, гарзыг дараах 2 хулибарын аль нэгээр толилуулах замаар 89(б) параграф дахь шаардлагыг хангаж болох юм.
- Тухайн хейжийн зүйл нь хөрөнгө байх тохиолдолд хүүний түвшинг дахин хянах тайлант үеүдэд хөрөнгийн доторх тусдаа нэг мөрийн зүйлсд; эсвэл
- Тухайн хейжийн зүйл нь өр төлбөр байх тохиолдолд хүүний түвшинг дахин хянах тайлант үеүдэд өр төлбөрийн доторх тусдаа нэг мөрийн зүйлд.
Дээрх 2-д дурдсан тусдаа мөрийн зүйлсийг санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийн дараа толилуулна. Тэдгээрийн хамаарах хөрөнгө буюу өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн үед эдгээр мөрийн зүйлсд тусгасан дүнгүүдийг данснаас хасна.
Мөнгөн гүйлгээний хейж
Хэрэв мөнгөн гүйлгээний хейж нь 88-р параграфт заасан нөхцлүүдийг тухайн тайлант үеийн туршид хангасан бол түүнийг дараах байдлаар тайлагнана.
- Үр дүнтэй хейж (88-р параграф) гэж тодорхойлсон хейжийн хэрэглүүрийн олз, гарзын тэрхүү хэсгийг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрөх; ба
- Хейжийн хэрэглүүрийн олз, гарзын үр дүнгүй хэсгийг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрөх
Цэвэр хөрөнгө оруулалтын хейж
Гадаад үйл ажиллагаанд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын хейжийг, үүн дотроо уг цэвэр хөрөнгө оруулалтын нэг хэсэг байдлаар тайлагнасан мөнгөн зүйлсийн хейжийг (НББОУС 21) мөнгөн гүйлгээний хейжийн нэгэн адилаар тайлагнана.
- Үр дүнтэй хейж (88-р параграф) гэж тодорхойлсон хейжийн хэрэглүүрийн олз, гарзын тэрхүү хэсгийг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрөх; ба
- Хейжийн хэрэглүүрийн олз, гарзын үр дүнгүй хэсгийг олз, гарзд хүлээн зөвшөөрөх
Хейжийн үр дүнтэй хэсэгтэй холбоотой бөгөөд бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн уг хейжийн хэрэглүүрийн олз, гарзыг тухайн гадаад үйл ажиллагааг бүрэн буюу хэсэгчлэн данснаас хасах үед НББОУС 21-н 48-49-р параграфын дагуу дахин ангилах залруулга байдлаар (НББОУС 1 ) өмчөөс ашиг, алдагдалд дахин ангилна.