НББОУС 7: МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Зорилго:

Энэ стандартын зорилго нь аж ахуйн нэгжийн мөнгөн гүйлгээний талаархи мэдээлэл нь аж ахуй нэгжийн мөнгө ба мөнгөтэй адитлгах хөрөнгийг бий болгох чадвар, тэдгээр мөнгөн гүйлгээг ашиглах уг аж ахуй нэгжийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх суурь үндэслэлээр санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг хангахад ач холбогдолтой байдаг. Хэрэглэгчдийн гаргах эдийн засгийн шийдвэр нь аж ахуй нэгжийн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадвар, тэдгээрийн үүсэх хугацаа болон магадлалын талаархи үнэлгээг шаарддаг.

Энэхүү стандартын зорилго нь тухайн тайлант үеийн мөнгөн гүйлгээг үндсэн үйл ажиллагаанаас, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас, санхүүгийн үйл ажиллагаанаас үүссэн гэдгээр ангилсан мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх замаар уг аж ахуй нэгжийн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн түүхэн өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангах явдал юм.

Цар хүрээ:

Аж ахуй нэгж нь мөнгөн гүйлгээний тайланг энэхүү стандартын шаардлагуудын дагуу бэлтгэж, санхүүгийн тайланг толилуулах тайлант үе бүрд тэрхүү санхүүгийн тайлангийн салшгүй нэг хэсэг байдлаар толилуулна.

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

  • Мөнгө нь бэлэн мөнгө ба харилцах данснаас бүрдэнэ.
  • Мөнгөтэй адилтгах хөрөнгө нь үнэ цэнийн өөрчлөлтийн маш бага эрсдэлтэй, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хөрвөх боломжтой богино хугацаат, ихээхэн өндөр хөрвөх чадвартай хөрөнгө оруулалт юм.
  • Мөнгөн гүйлгээ нь мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн орлогын болон зарлагын урсгал юм.
  • Үндсэн үйл ажиллагаа нь аж ахуй нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаа, түүнчлэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа юм.
  • Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь мөнгөтэй адилтгах хөрөнгөд хамаарахгүй  урт хугацаат хөрөнгө ба бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон данснаас хасах үйл ажиллагаа
  • Санхүүгийн үйл ажиллагаа нь аж ахуй нэгжийн хувь нийлүүлсэн өмч ба зээлийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах үр дүн бүхий үйл ажиллагаа юм.

Мөнгөн гүйлгээний тайлангийн толилуулга:

Мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн тайлант үеийн туршид гарсан мөнгөн гүйлгээг үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны, санхүүгийн үйл ажиллагааны гэдгээр ангилж тайлагнадаг.

Үндсэн үйл ажиллагаа:

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь юуны өмнө тухайн аж ахуй нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаанаас үүсэн бий болдог. Ийм учраас энэ нь ерөнхийдөө ашиг, алдагдлыг тодорхойлоход оролцдог ажил гүйлгээ ба бусад үйл явдлуудын үр дүн юм. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний жишээг доор дурдав.

  • Бараа борлуулалт ба үйлчилгээ үзүүлэлтээс бий болсон мөнгөн орлого
  • Эрхийн шимтгэл, төлбөр хураамж ба бусад орлогоос бий болсон мөнгөн орлого
  • Бараа, үйлчилгэний хувьд бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн мөнгөн төлбөр
  • Ажиллагчдад төлсөн эсвэл тэдний өмнөөс төлсөн мөнгөн төлбөр
  • Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд тусгайлан үл хамаарахаас бусад мөнгөөр төлсөн болон буцаан авсан орлогын албан татвар
  • Худалдаа буюу арилжааны зорилготой гэрээнээс үүссэн мөнгөн орлого ба мөнгөн төлбөр

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа:

Санхүүгийн байдлын тайланд хөрөнгө хүлээн зөвшөөрөхөд хүргэх зөвхөн тийм зарлага нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа гэж ангилагдах шалгуурыг хангах юм. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас үүссэн мөнгөн гүйлгээний жишээнд дараах зүйлс хамаарна.

  • Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө болон бусад урт хугацаат хөрөнгийг олж эзэмшихэд төөлсөн мөнгө. Капиталжуулсан хөгжүүлэлтийн зардал болон өөрөө барьж байгуулсан үндсэн хөрөнгөтэй холбоотой төлбөрүүд нь энэхүү дүнд хамаарна.
  • Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө болон бусад урт хугацаат хөрөнгийг борлуулсны мөнгөн орлого
  • Бусад аж ахуй нэгжүүдийн өмчийн буюу өрийн хэрэглүүр болон хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог олж эзэмшихэд төлсөн мөнгөн төлбөр
  • Бусад аж ахуй нэгжүүдийн өмчийн буюу өрийн хэрэглүүр болон хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны борлуулалтаас үүссэн мөнгөн орлого
  • Бусад талуудад олгосон зээл ба мөнгөн урьдчилгаа
  • Бусад талуудад олгосон зээл ба мөнгөн урьдчилгааны буцаан төлөлтөөс хүлээн авсан мөнгөн орлого
  • Худалдаа, арилжааны зорилгоор эзэмшиж байгаа гэрээ эсвэл мөнгөн төлбөрүүдийг нь санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэж ангилснаас бусад тохиолдолд фьючерс гэрээ, форвард гэрээ, опционы гэрээ, свопын гэрээний хувьд төлсөн мөнгөн төлбөр
  • Худалдаа, арилжааны зорилгоор эзэмшиж байгаа гэрээ эсвэл мөнгөн орлогуудыг нь санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэж ангилснаас бусад тохиолдолд фьючерс гэрээ, форвард гэрээ, опционы гэрээ, свопын гэрээнээс бий болсон мөнгөн орлого

Санхүүгийн үйл ажиллагаа:

Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь тухайн аж ахуй нэгжид капитал нийлүүлэгчдийн зүгээс ирээдүйн мөнгөн гүйлгээнд тавих шаардлагыг урьдчилан таамгалахад ач тустай ту санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тусдаа толилуулах нь ач холбогдолтой байдаг. Санхүүгийн үйл ажиллагаанаас үүссэн мөнгөн гүйлгээний жишээнд дараах зүйлс хамаарна.

  • Хувьцаа буюу бусад өмчийн хэрэглүүрийн гаргалтаас хүлээн авсан мөнгөн орлого
  • Тухайн аж ахуй нэгжийн хувьцааг худалдан авч эзэмших эсвэл эргэлтээс гаргахын тулд төлсөн мөнгөн төлбөр
  • Баталгаатай өрийн бичиг, зээл, баталгаагүй өрийн бичиг, бонд, моргежийн болон бусад богино хугацаат буюу урт хугацаат зээллэгийн хэрэглүүрийн гаргалтаас хүлээн авсан мөнгөн орлого
  • Зээлийг буцаан төлөх мөнгөн төлбөр
  • Түрээстэй холбоотой төлөгдөөгүй өр төлбөрийн бууралт болгон түрээслэгчийн төлсөн мөнгөн төлбөр

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлагнах нь

Аж ахуй нэгж нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг дараах аргын аль нэгнийг ашиглан тайлагнана.

  • Шууд арга, энд нийт мөнгөн орлого ба нийт мөнгөн зарлагыг гол ангиудаар толилуулдаг
  • Шууд бус арга, энд мөнгөн бус шинжтэй ажил гүйлгээ, өнгөрсөн эсвэл ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого буюу төлбөрийн аливаа хойшлуулалт эсвэл хуримтлуулалтын үр нөлөө, түүнчлэн хөрөнгө оруулалтын буюу санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээтэй холбоотой орлого, зардлын зүйлсийн хувьд ашиг, алдагдлыг тохируулдаг.

Хөрөнгө оруулалтын ба санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлагнах нь

  • Аж ахуй нэгж нь 22 ба 24-р параграфт дурдсан цэвэр сууриар тайлагнасан мөнгөн гүйлгээнээс бусад хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагаанаас үүссэн нийт мөнгөн орлого болон нийт мөнгөн зарлагын гол ангиудыг тусад нь тайлагнадаг.

Мөнгөн гүйлгээг цэвэр сууриар тайлагнах нь

Дараах үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг цэвэр дүнгээр тайлагнаж болно.

  • Мөнгөн гүйлгээ нь тухайн аж ахуй нэгжийн биш, харин үйлчлүүлэгчийн үйл ажиллагааг тусган илэрхийлэх тохиолдолд тэдгээр үйлчлүүлэгчдийн өмнөөс хүлээн авсан мөнгөн орлого ба төлбөр
  • Хурдан эргэлттэй, их дүнтэй, дуусгавар болох богино хугацаатай зүйлсд хамаарах мөнгөн орлого ба төлбөр

Санхүүгийн байгууллагын дараах үйл ажиллагаа тус бүрээс үүссэн мөнгөн гүйлгээг цэвэр дүнгээр тайлагнаж болно.

  • Дуусгавар болох тогтмол хугацаатайгаар байршуулсан мөнгөний хүлээн авалт ба буцаан төлөлтөнд хамаарах мөнгөн орлого болон мөнгөн төлбөр
  • Бусад санхүүгийн байгууллагад мөнгө байршуулалт ба түүнийг буцаан таталт
  • Үйлчлүүлэгчдэд олгосон мөнгөн урьдчилгаа ба зээл, тэдгээр урьдчилгаа болон зээлийн буцаан төлөлт

Гадаад валютаарх мөнгөн гүйлгээ

Гадаад валютаар хийгдсэн мөнгөн гүйлгээнээс үүссэн мөнгөн гүйлгээг тухайн аж ахуй нэгжийн бүртгэлийн валютаар бүртгэнэ. Ингэхдээ уг мөнгөн гүйлгээ гарсан өдрөөрх гадаад валют ба бүртгэлийн валютын хоорондох ханшаар тэрхүү гадаад валютыг хөрвүүлж, бүртгэлийн валютаар илэрхийлнэ.

Гадаад дахь охин компаний мөнгөн гүйлгээг тухайн мөнгөн гүйлгээний өдрөөрх бүртгэлийн валют ба гадаад валютын хоорондох ханшаар хөрвүүлнэ.

Хүү ба ногдол ашиг

Хүлээн авсан эсвэл төлсөн гэдгээр нь салгаж, хүү ба ногдол ашгаас үүссэн мөнгөн гүйлгээг тус тусад нь толилуулна. Эдгээр мөнгөн гүйлгээ тус бүрийг үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны, санхүүгийн үйл ажиллагааны гэдгээр нэг тайлант үеэс нөгөө тайлант үед тууштай ангилна.

Орлогын албан татвар

Орлогын албан татвартай холбоотой үүссэн мөнгөн гүйлгээг санхүүгийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэж тусгайлан тодорхойлж болохоос бусад тохиолдолд тэдгээрийг тусад нь толилуулж, үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэж ангилах хэрэгтэй.

Мөнгөн бус гүйлгээ

Мөнгө буюу мөнгөтэй адилтгах хөрөнгийг ашиглан зарцуулахыг шаардахгүй тийм хөрөнгө оруулалтын болон санхүүгийн ажил гүйлгээг мөнгөн гүйлгээний тайланд тусгахгүй. Ийм ажил гүйлгээг тэдгээр хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагааны талаарх холбогдох бүх мэдээллээр хангах тийм арга замаар санхүүгийн тайлангийн аль нэг хэсэгт толилуулна.

Мөнгө ба түүнтэй адилтгах хэсгийн бүрэлдэхүүн хэсгүүд

Аж ахуй нэгж нь мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг толилуулах бөгөөд мөнгөн гүйлгээний тайлан дахь тэдгээрийн дүнг санхүүгийн байдлын тайланд тусгасан тухайн зүйлийн харгалзах дүнтэй тулган тохируулж толилуулна. 

Бусад тодруулга:

Аж ахуй нэгж нь группын ашиглалт зарцуулалтанд хамаарахгүй бөгөөд өөрийн эзэмшиж байгаа мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн томоохон үлдэгдлийн дүнг удирдлагын хийсэн тайлбарын хамт толилуулна.