НББОУС 40: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн арга хандлага болон холбогдох тодруулгын шаардлагыг тодорхойлоход оршино.

Цар хүрээ:

            Энэ стандартыг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт болон тодруулгад мөрдөнө.

Харин дараах зүйлсд мөрдөхгүй.

  • ХАА-н үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө (НББОУС41); болон
  • Газрын тос, байгалийн хий болон тэдгээртэй ижил төсөөтэй үл сэргээгдэх нөөц гэх мэт ашигт малтмалын эрх ба ашигт малтмалын нөөц.

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр  томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Дансны үнэ гэдэг нь хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрдөг дүн.

Өртөг гэдэг нь хөрөнгийг олж эзэмшихийн тулд түүнийг худалдан авах эсвэл барьж байгуулах хугацаанд төлсөн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүн буюу өгсөн бусад зүйлсийн бодит үнэ цэнэ, түүнчлэн хамааралтай байх тохиолдолд бусад СТОУС-уудын, тухайлбал СТОУС 2-ийн тусгай шаардлагуудын дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөх үед тухайн хөрөнгөд шингээн хамааруулсан дүн юм.

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. (СТОУС 13)

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг нь доор дурдсан зорилгоор биш харин түрээсийн орлогоор эсвэл капиталийн үнийн өсөлтөөр, эсвэл энэ 2-н аль алинаар ашиг олохын тулд эзэмшиж буй (эзний эсвэл хөрөнгийг ашиглах эрхийн байдлаар түрээслэгчийн эзэмшиж буй) үл хөдлөх хөрөнгө (газар эсвэл барилга буюу барилгын нэг хэсэг, эсвэл газар, барилгын аль аль нь) юм.

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэнд эсвэл удирдлагын зорилгоор ашиглах; эсвэл
  • Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулах

Эзэн ашигладаг үл хөдлөх хөрөнгө гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэнд эсвэл удирдлагын зорилгоор ашиглахын тулд эзэмшиж буй (эзний эсвэл хөрөнгийг ашиглах эрхийн байдлаар түрээслэгчийн эзэмшиж буй) үл хөдлөх хөрөнгө юм.

Хүлээн зөвшөөрөлт

Өмчилж буй хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зөвхөн дараах тохиолдолд хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

  • Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ирээдүйн эдийн засгийн үр өгөөж нь тухайн аж ахуй нэгжид орох магадлалтай байх; ба
  • Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өртгийг найдвартай хэмжиж чадах

Хүлээн зөвшөөрөх үеийн хэмжилт

Өмчилж буй хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүний өртгөөр анх хэмжинэ. Ажил гүйлгээний зардлыг уг анхны хэмжилтэд оруулна.

Хүлээн зөвшөөрөлтийн дараах хэмжилт

Нягтлан бодох бүртгэлийн бодлого

32А параграфт заасан гажих нөхцлөөс бусад тохиолдолд аж ахуй нэгж нь 33-55-р параграфт дурдсан бодит үнэ цэнийн загвар эсвэл 56-р параграфт дурдсан өртгийн загварын аль нэгийг өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого болгон сонгох бөгөөд тэрхүү бодлогоо хөрөнгө оруулалтын зориулалттай бүх үл хөдлөх хөрөнгөд мөрдөнө.

Аж ахуй нэгж нь:

  • Тодорхой хөрөнгийн, үүн дотроо уг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнэ эсвэл өгөөжтэй шууд хамааралтай өгөөж нь төлөгдөх өр төлбөрийн барьцаа болох, хөрөнгө оруулалтын зориулалттай бүх үл хөдлөх хөрөнгөд бодит үнэ цэнийн загвар эсвэл өртгийн загварын аль нэгийг хэрэглэхээр сонгож болно; ба
  • Дээр хийсэн сонголтоос үл хамааран бусад бүх хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд бодит үнэ цэнийн загвар эсвэл өртгийн загварын аль нэгийг хэрэглэхээр сонгож болно.

Бодит үнэ цэнийн загвар

Бодит үнэ цэнийн загварыг сонгосон аж ахуй нэгж нь анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа, өөрийн бүх хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 53-р параграфт зааснаас бусад тохиолдолд бодит үнэ цэнээр хэмжинэ.

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс бий болсон олз, гарзыг түүний үүссэн тухайн тайлант үеийн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Хэрэв аж ахуй нэгж нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмнө нь бодит үнэ цэнээр хэмжсэн бол тухайн үл хөдлөх хөрөнгөтэй зэрэгцүүлэгдэх зах зээлийн ажил гүйлгээ цөөхөн болсон эсвэл зах зээлийн үнэ бэлэн боломжтой байхаа больсон ч гэсэн тэрхүү үл хөдлөх хөрөнгийг данснаас хасах хүртэл бодит үнэ цэнээр хэмжсэн хэвээр байна.

Өртгийн загвар

Өртгийн загварыг сонгосон аж ахуй нэгж нь анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа уг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дараах байдлаар хэмжинэ.

  • Хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгө нь борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилах шалгуурыг хангаж байвал СТОУС 5-н дагуу;
  • Тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэгч нь хөрөнгийг ашиглах эрх байдлаар эзэмшиж байгаа бөгөөд СТОУС 5-н дагуу борлуулах зорилгоор эзэмшээгүй бол СТОУС 16-н дагуу; ба
  • Өртгийн загварын хувьд бусад бүх тохиолдолд НББОУС 16-ийн шаардлагуудын дагуу

Бодит үнэ цэнээр бүртгэсэн хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэн ашигладаг үл хөдлөх хөрөнгөд эсвэл бараа материалд ангилах шилжүүлэлтийн хувьд НББОУС 16, СТОУС 16, НББОУС 2-ын дагуу дараагийн тайлант үед бүртгэх тухайн үл хөдлөх хөрөнгийн төсөөлөн тооцсон өртөг нь хөрөнгийн ашиглалтын өөрчлөлт хийсэн өдрөөрх түүний бодит үнэ цэнэ байна.

Бодит үнэ цэнээр бүртгэх хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд бараа материалаас хийгдэх шилжүүлэлтийн хувьд уг өдрөөрх тухайн үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнэ ба түүний өмнөх дансны үнийн хоорондох аливаа зөрүүг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Бодит үнэ цэнээр бүртгэх өөрөө барьж байгуулсан хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барилгын ажил эсвэл хөгжүүлэлт дууссан үед аж ахуй нэгж нь уг өдрөөрх тухайн үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнэ ба түүний өмнөх дансны үнийн хоорондох аливаа зөрүүг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Данснаас хасалт

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн данснаас хассан эсвэл уг хөрөнгийг ашиглалтаас бүрэн гаргасан  ба түүний данснаас хасалтаас ирээдүйд эдийн засгийн үр өгөөж хүртэхээргүй болсон тохиолдолд уг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үл хүлээн зөвшөөрнө. (санхүүгийн байдлын тайлангаас хасна.)

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн данснаас хасалт буюу данснаас хасалтаас үүссэн олз, гарзыг тухайн хөрөнгийн данснаас хасалтын цэвэр орлого ба түүний дансны үнийн хоорондох зөрүүгээр тодорхойлох бөгөөд уг ашиглалтаас хасалт буюу данснаас хасалтыг хийсэн тайлант үеийн ашиг, алдагдал (борлуулалт ба буцаан түрээслэлтийн хувьд СТОУС 16-д өөрөөр шаардснаас бусад тохиолдолд) -д хүлээн зөвшөөрнө.

Үнэ цэнэ буурсан, алдагдсан, бусдад өгсөн хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд 3-дагч талаас хүлээн авах нөхөн төлбөрийг авахаар болсон үед ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Тодруулга:

Бодит үнэ цэнийн загвар ба өртгийн загвар

Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.

  • Бодит үнэ цэнийн болон өртгийн загварын алийг хэрэглэж байгаа эсэх
  • Ангилал хийхэд төвөгтэй байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэн-ашигладаг үл хөдлөх хөрөнгөөс болон бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулах зорилгоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгөөс ялгахын тулд тухайн аж ахуй нэгжийн ашигладаг шалгуур.
  • Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнэ нь мэрэгжлийн хүлээн зөвшөөрөгдсөн зохих ур чадвартай бөгөөд тухайн үнэлж буй хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн байршил, төрөл зүйлийн талаар сүүлийн үеийн туршлагатай хараат бус үнэлгээчний үнэлгээнд үндэслэсэн хэмжээ. Хэрэв ийм үнэлгээ хийгдээгүй бол энэ тухай тодруулга хийнэ.
  • Доорх зүйлийн хувьд ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн дүн.
    • Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс олох түрээсийн орлого
    • Тухайн тайлант үеийн туршид түрээсийн орлого бий болгосон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааны шууд зардал (үүн дотроо: засвар үйлчилгээний зардал) ;ба
    • Тухайн тайлант үеийн туршид түрээсийн орлого бий болгоогүй хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааны шууд зардал (үүн дотроо; засвар үйлчилгээний зардал) ;ба
    • Өртгийн загвар ашигладаг хөрөнгүүдийн нэгдлээс бодит үнэ цэнийн загвар ашигладаг хөрөнгүүдийн нэгдэлд уг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг борлуулснаар үүссэн ба ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн бодит үнэ цэнийн хуримтлагдсан өөрчлөлт(32В параграф)
  • Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн борлуулалт эсвэл оролгын шилжүүлэлт, данснаас хасалтын мөнгөн орлогын шилжүүлэлтэнд тавигдах хязгаарлалт байгаа эсэх болон хязгаарлалтын дүн хэмжээ
  • Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, барьж байгуулах, хөгжүүлэх эсвэл засвар үйлчилгээ сайжруулалт хийх талаархи гэрээний дүн.
Дэлгэрэнгүй тайлбар, мэдээллүүд, заавар, удирдамжийг НББОУС-н номноос дахин нарийвчлан уншина уу.