НББОУС 38: БИЕТ БУС ХӨРӨНГӨ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь бусад стандартад тусгайлан авч үзээгүй биет бус хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн хандлагыг тодорхойлоход оршино. Энэ стандарт нь тусгайлан заасан шалгуур зөвхөн хангагдсан үед биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөхийг аж ахуй нэгжээс шаарддаг. Мөн энэ стандарт нь биет бус хөрөнгийн талаар тусгайлан тодруулга хийхийг шаарддаг.   

Цар хүрээ:

            Энэ стандартыг доор дурдснаас бусад бүх биет бус хөрөнгийн нягтлан бодох бүртгэлд мөрдөнө.

  • Бусад стандартын цар хүрээнд хамаарах биет бус хөрөнгө
  • НББОУС 32-д тодорхойлсон санхүүгийн хөрөнгө
  • Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт (СТОУС 6) ; ба
  • Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий болон тэдгээртэй адилтгах үл нөхөн сэргээгдэх нөөцийн хөгжүүлэлт ба олборлолтын зардал

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр  томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Хорогдуулга гэдэг нь биет бус хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацааны туршид хуваарилах системтэй хуваарилалт юм.

Хөрөнгө гэдэг нь дараах шинж чанар бүхий нөөц юм.

  • Өнгөрсөн үйл явдлын үр дүнд аж ахуй нэгж хяналтандаа авсан; ба
  • Тухайн аж ахуй нэгжид ирээдүйн эдийн засгийн үр өгөөж өгөхөөр хүлээгдэж байгаа

Дансны үнэ гэдэг нь аливаа хуримтлагдсан хорогдуулга ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассаны дараа хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрч байгаа дүн юм.

Өртөг гэдэг нь хөрөнгийг олж эзэмшихийн тулд түүнийг худалдан авах эсвэл барьж байгуулах хугацаанд төлсөн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүн буюу өгсөн бусад зүйлсийн бодит үнэ цэнэ, түүнчлэн хамааралтай байх тохиолдолд бусад СТОУС-уудын тухайлбал СТОУС 2-ийн тусгай шаардлагуудын дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөх үед тухайн хөрөнгөнд шингээн хамааруулсан дүн юм.

Элэгдүүлэх дүн гэдэг нь хөрөнгийн өртөгөөс эсвэл хөрөнгийг орлох бусад дүнгээс түүний үлдэх өртгийг хассан дүнг хэлнэ.

Хөгжүүлэлт гэдэг нь шинэ буюу мэдэгдэхүйц сайжруулсан материал, төхөөрөмж, бүтээгдэхүүн, процесс, системийн үйлдвэрлэл эсвэл үйлчилгээний төлөвлөлт, зохиомжинд судалгааны үр дүн болон бусад мэдлэгийг тэдгээрийн арилжааны зорилготой, үйлдвэрлэл, ашиглалт эхлэхээс өмнө хэрэглэх үйл ажиллагаа юм.

Аж ахуй нэгжийн тусгайлан үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн тасралтгүй ашиглалтаас болон түүний ашиглалтын хугацааны эцэс дэх данснаас хасалтаас үүсэхээр эсвэл өр төлбөрийг барагдуулах үед зарцуулахаар уг аж ахуй нэгжийн хүлээж буй мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм.

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдийн хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. СТОУС 13-г үзнэ үү.

Үнэ цэнийн бууралтын гарз гэдэг нь хөрөнгийн дансны үнэ өөрийн нөхөгдөх дүнгээс давж илүү гарсан дүн юм.

Биет бус хөрөнгө гэдэг нь биет чанаргүй, тодорхойлж болох мөнгөн бус зүйлсийн хөрөнгө юм.

Мөнгөн зүйлсийн хөрөнгө гэдэг нь эзэмшиж байгааа мөнгө ба тогтмол буюу тодорхойлж болох дүн бүхий мөнгөөр хүлээн авах хөрөнгүүд юм.

Судалгаа гэдэг нь шинжлэх ухааны буюу техникийн шинэ мэдлэг, ойлголт олж авах хэтийн зорилготойгоор хийгдэж буй бодит төлөвлөгдсөн судлан шинжлэх үйл явц юм.

Биет бус хөрөнгийн үлдэх өртөг гэдэг нь хэрэв уг хөрөнгө ашиглагдаж, насжилттай болвол түүний ашиглалтын хугацааны эцэст хүлээгдэж буй тэрхүү нөхцөл байдалд хөрөнгийг данснаас хасахтай холбоотой тооцоолсон зардлыг хассаны дараа уг аж ахуй нэгж нь тухайн хөрөнгийн данснаас хасалтаар одоо хүлээн авах тооцоолсон дүн юм.

Ашиглалтын хугацаа гэдэг нь:

  • Аж ахуй нэгжид уг хөрөнгө ашиглагдах боломжтой байхаар хүлээгдэж буй хугацаа; эсвэл
  • Аж ахуй нэгж тухайн хөрөнгөөс олж авахаар хүлээгдэж буй бүтээгдэхүүн буюу түүнтэй ижил төсөөтэй нэгжүүдийн тоо хэмжээ.

Тодорхойлж болох байдал

Хөрөнгө нь дараах шалгуурын аль нэгийг хангаж байвал түүнийг тодорхойлж болох хөрөнгө гэж үзнэ.

  • Салган тусгаарлах, өөрөөр хэлбэл тухайн аж ахуй нэгжээс тусгаарлах буюу салган хувааж авч болох ба уг аж ахуй нэгж тийм санаа зорилготой эсэхээс үл хамааран холбогдох гэрээ, тодорхойлж болох хөрөнгө буюу өр төлбөрөөс бие даасан байдлаар эсвэл хамтад нь борлуулах, шилжүүлэх лицензээр эзэмшүүлэх, түрээслэх, солилцох боломжтой байх; эсвэл
  • Гэрээний буюу бусад хуулийн эрхийг шилжүүлж болох буюу тухайн аж ахуй нэгжээс эсвэл өөр бусад эрх, үүргээс салган тусгаарлаж болох эсэхээс үл хамааран тухайн гэрээний буюу бусад хуулийн эрхээс үүсдэг байх.

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт

Биет бус хөрөнгийг зөвхөн дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө.

  • Тухайн хөрөнгөд хамаарах хүлээгдэж буй ирээдүйн эдийн засгийн үр өгөөж нь уг аж ахуй нэгжид орох магадлалтай байх
  • Хөрөнгийн өртөгийг найдвартайгаар хэмжиж чаддаг байх

Аж ахуй нэгж нь тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид оршин байх эдийн засгийн цогц нөхцөл байдлын талаарх удирдлагын хамгийн сайн тооцооллыг илэрхийлэх ул үндэслэлтэй бөгөөд дэмжигдэхүйц таамаглалыг ашиглан, хүлээгдэж буй эдийн засгийн үр өгөөжийн магадлалыг үнэлнэ.

Биет бус хөрөнгийг эхлээд өртөгөөр нь хэмжинэ.

Олж авсан дуусаагүй судалгаа ба хөгжүүлэлтийн төслийн дараагийн тайлант үеийн зарлага

Дараах судалгаа буюу хөгжүүлэлтийн зарлагыг 54-62-р параграфын дагуу тайлагнана.

  • Тусад нь эсвэл бизнесийн нэгдлээр олж авсан бөгөөд биет бус хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсөн, дуусаагүй судалгаа буюу хөгжүүлэлтийн төсөлд хамаарах; ба
  • Тухайн төслийг худалдан авсны дараа гарсан байх.

Дотооддоо бий болгосон гүүдвил

Дотооддоо бий болгосон гүүдвилийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй.

Судалгааны үе шат

Судалгаанаас (буюу дотоодын төслийн судалгааны үе шатнаас) үүсэх биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Судалгааны зарлагыг түүний гарсан үед нь зардлаар хүлээн зөвшөөрнө.

Хөгжүүлэлтийн үе шат

Аж ахуй нэгж нь дараах бүх зүйлсийг батлан харуулж чадах зөвхөн тийм тохиолдолд хөгжүүлэлтээс (буюу дотоодын төслийн хөгжүүлэлтийн үе шатнаас) бий болох биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрнө.

  • Биет бус хөрөнгийг ашиглах эсвэл борлуулах боломжтой байхын тулд түүнийг бүрэн дуусгах техникийн үндэслэлтэй байх
  • Биет бус хөрөнгийг бүрэн дуусгах ба түүнийг ашиглах эсвэл борлуулах өөрийн санаа, зорилго
  • Биет бус хөрөнгийг ашиглах эсвэл борлуулах өөрийн чадвар боломж
  • Биет бус хөрөнгө нь ирээдүйн магадлалт эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн бий болгох. Бусад зүйлсээс гадна аж ахуй нэгж нь уг биет бус хөрөнгийн гарц бүтээгдэхүүний буюу тэрхүү биет бус хөрөнгийн өөрийнх нь хувьд зах зээл оршин байгаа гэдгийг, хэрэв биет бус хөрөнгийг дотооддоо ашиглах бол тухайн биет бус хөрөнгө ач тустай гэдгийг батлан харуулна.
  • Хөгжүүлэлтийг бүрэн дуусгах ба тухайн биет бус хөрөнгийг ашиглах эсвэл борлуулах зохих техникийн, санхүүгийн болон бусад нөөцүүд бэлэн боломжтой байх.
  • Хөгжүүлэлтийн явцад уг биет бус хөрөнгөд хамаарах зарлагыг найдвартайгаар хэмжих өөрийн чадвар боломж.

Дотооддоо бий болгосон брэнд нэр, сонин хэвлэлийн нүүрэн хэсэгт бичигдэх эрх, хэвлэлийн эрх, үйлчлүүлэгчийн жагсаалт болон эдгээртэй адилтгах шинж чанар бүхий зүйлсийг биет бус хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй.  

Зардлын хүлээн зөвшөөрөлт

Доор дурдснаас бусад тохиолдолд биет бус зүйлсийн хувьд гарсан зарлагыг түүний гарсан үед зардал гэж хүлээн зөвшөөрнө.

  • Энэ нь хүлээ-н зөвшөөрөлтийн шалгуурыг хангах биет бус хөрөнгийн өртгийн нэг хэсгийг бүрдүүлэх (18-67-рпараграфыг үзнэ үү) ; эсвэл
  • Тухайн зүйлсийг бизнесийн нэгдлээр олж авсан бөгөөд биет бус хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байх. Ийм тохиолдолд уг зүйл нь тухайн бизнесийн худалдан авалтын өдрөөр гүүдвил гэж хүлээн зөвшөөрсөн дүнгийн нэг хэсгийг бүрдүүлнэ. (СТОУС 3-г үзнэ үү)

Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй өнгөрсөн зардлууд

Зардал гэж хүлээн зөвшөөрсөн биет бус зүйлсийн хувьд гарсан зарлагыг хожим нь биет бус хөрөнгийн өртгийн нэг хэсэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй.

Хүлээн зөвшөөрөлтийн дараах хэмжилт

Аж ахуй нэгж нь 74-р парагарфт заасан өртгийн загвар, 75-р параграфт заасан дахин үнэлгээний загварын аль нэгийг өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого болгон сонгоно. Хэрэв биет бус хөрөнгийг дахин үнэлгээний загвар ашиглан тайлагнадаг бол түүний ангийн хөрөнгүүдийн хувьд идэвхитэй зах зээл байхгүй байхаас бусад тохиолдолд уг ангийн бусад бүх хөрөнгүүдийг мөн адил дахин үнэлгээний загвар ашиглан тайлагнана.

Өртөгийн загвар

Анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа биет бус хөрөнгийг өртгөөс түүний аливаа хуримтлагдсан хорогдуулга ба аливаа хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүнгээр бүртгэж тусгана.

Дахин үнэлгээний загвар

Анх хүлээн зөвшөөрөлтийн дараа биет бус хөрөнгийг түүний дахин үнэлсэн дүнгээр бүртгэж тусгана. Энэ нь тухайн хөрөнгийн дахин үнэлгээний өдрөөрх бодит үнэ цэнээс дараа үеийн аливаа хуримтлагдсан хорогдуулга ба дараа үеийн аливаа хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байна. Энэ стандартад заасан дахин үнэлгээний зорилгоор, идэвхитэй зах зээлийн үнийг лавлагаа болгосноор бодит үнэ цэнийг хэмжинэ. Тухайн тайлагналын эцэс дэх уг хөрөнгийн дансны үнэ нь түүний бодит үнэ цэнээс материаллаг зөрүүгүй байх тийм давтамжтайгаар дахин үнэлгээг хийнэ.

Дахин үнэлсэн биет бус хөрөнгийн анги дахь тодорхой нэг биет бус хөрөнгийг түүний идэвхитэй зах зээл байхгүйн улмаас дахин үнэлж чадаагүй бол тэрхүү хөрөнгийг түүний өртгөөс хуримтлагдсан хорогдуулга ба үнэ цэнийн бууралтын гарзыг хасан дүнгээр тусгана.

Дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнийг идэвхитэй зах зээлийн үнийг лавлагаа болгосноор цаашид хэмжих боломжгүй болвол уг хөрөнгийн дансны үнэ нь идэвхитэй зах зээлийн үнийг лавлагаа болгосноор тодорхойлсон хамгийн сүүлийн дахин үнэлгээний өдрөөрх түүний дахин үнэлсэн дүнгээс аливаа дараагийн тайлант үеийн хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байна.

Хэрэв дахин үнэлгээний үр дүнд биет бус хөрөнгийн дансны үнэ нэмэгдвэл тэрхүү нэмэгдэлтийг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрөх ба дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр өмчид хуримтлуулан бүртгэнэ. Харин өмнө нь ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн тухайн нэг хөрөнгийн үнэлгээний бууралтыг буцааж буй хэмжээгээр тэрхүү нэмэгдэлтийг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Хэрэв дахин үнэлгээний үр дүнд биет бус хөрөнгийн дансны үнэ буурвал тэрхүү бууралтыг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Харин тухайн нэг хөрөнгөтэй холбоотой дахин үнэлгээний нэмэгдэл дансанд тусгагдсан аливаа кредит үлдэгдлийн хэмжээгээр тэрхүү бууралтыг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө. Бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн уг бууралт нь дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр өмчид хуримтлагдан тусгагдсан дүнг бууруулна.

Ашиглалтын хугацаа

Аж ахуй нэгж нь биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхой эсвэл тодорхой бус эсэхийг, хэрэв ашиглалтын хугацаа тодорхой бол түүнийг бүрдүүлж буй хугацааны урт эсвэл бүтээгдэхүүний буюу адилтгах нэгжийн тоог үнэлнэ. Бүх холбогдох хүчин зүйлсийн шинжилгээнд үндэслэн авч үзэхэд уг хөрөнгөөс тухайн аж ахуй нэгжид цэвэр мөнгөн орлого бий болохоор хүлээгдэж буй хугацааны хувьд урьдчилан харж болох хязгаар байхгүй тохиолдолд аж ахуй нэгж нь биет бус хөрөнгийг тодорхой бус ашиглалтын хугацаатай гэж үзнэ.

Гэрээний буюу бусад хуулийн эрхээс үүссэн биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа нь тухайн гэрээний буюу бусад хуулийн эрхийн хугацаанаас хэтрэхгүй боловч уг хөрөнгийг аж ахуй нэгж ашиглахаар хүлээж буй хугацаанаас хамааран дээрх хугацаанаас арай богино байж болно. Гэрээний буюу бусад хуулийн эрхийг дахин сунгаж болох хязгаарлагдмал хугацаатайгаар олгодог бол тухайн аж ахуй нэгж мэдэгдэхүйц зардал гаргахгүйгээр дахин сунгана гэдгийг дэмжих нотолгоо байх зөвхөн тийм тохиолдолд уг биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаанд дахин сунгах хугацааг оруулна. Бизнесийн нэгдлээр биет бус хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсөн, дахин олж авсан эрхийн ашиглалтын хугацаа нь уг эрхийг олгож буй гэрээнд заасан үлдсэн хугацаа байх бөгөөд түүнд сунгах хугацааг оруулахгүй.

Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгө

Хорогдуулгын хугацаа ба хорогдуулгын арга

Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацааны туршид системчисэн сууриар хуваарилна. Хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс өөрөөр хэлбэл, удирдлагын төлөвлөсөн арга маягаар ажиллуулах боломжтой болгоход шаардлагатай тийм байршил болон нөхцөл байдалд уг хөрөнгийг авчирсан үеэс эхлэн хорогдуулгыг тооцно. СТОУС 5-ын дагуу борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө гэж ангилсан өдөр ба уг хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн өдрийн аль түрүүн дэх өдрөөс эхлэн хөрөнгийн хорогдуулгыг зогсооно. Ашиглах хорогдуулгын арга нь тухайн аж ахуй нэгж уг хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг зарцуулан ашиглахаар хүлээгдэж буй хэв загварыг тусгасан байвал зохино. Хэрэв тийм загварыг найдвартайгаар тодорхойлж чадахгүй бол шулуун шугамын аргыг хэрэглэнэ. Энэ буюу бусад стандарт нь хорогдуулгын зардлыг өөр хөрөнгийн дансны үнэд оруулахыг зөвшөөрдөг эсвэл шаарддагаас бусад тохиолдолд тайлант үе бүрийн хорогдуулгын зардлыг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Үлдэх өртөг

Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн үлдэх өртгийг доор дурдснаас бусад тохиолдолд тэг гэж үзнэ.

  • Тухайн хөрөнгийг түүний ашиглалтын хугацааны эцэст худалдан авахаар гуравдагч тал хариуцлага хүлээсэн байх; эсвэл
  • Тухайн хөрөнгийн хувьд идэвхитэй зах зээл оршин байх ба;
    • Уг зах зээлийн үнийг лавлагаа болгосноор үлдэх өртгийг тодорхойлох боломжтой байх; ба
    • Уг хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст ийм зах зээл оршин байх нь нилээд магадлалтай байх

Хорогдуулгын хугацаа ба хорогдуулгын аргыг хянах

Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн хорогдуулгын хугацаа ба хорогдуулгын аргыг наад зах нь санхүүгийн жил бүрийн эцэст хянаж үзнэ. Хэрэв уг хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалтын хугацаа нь өмнөх тооцооллоос өөр байвал хорогдуулгын хугацааг зохих ёсоор өөрчилнө. Хэрэв тухайн хөрөнгөд агуулагдаж буй ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг зарцуулахаар хүлээгдэж буй хэв загвар өөрчлөгдсөн бол тэрхүү өөрчлөгдсөн хэв загварыг тусгахын тулд хорогдуулгын аргыг өөрчилнө. Ийм өөрчлөлтийг НББОУС 8-н дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт байдлаар тайлагнана.

Тодорхой бус ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгө

Тодорхой бус ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийг хорогдуулахгүй.

Ашиглалтын хугацааны үнэлгээг хянах

Хорогдол тооцдоггүй биет бус хөрөнгийн хувьд түүний тодорхой бус ашиглалтын хугацаатай гэсэн үнэлгээг дэмжих үйл явдал ба нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байгаа эсэхийг тодорхойлохын тулд ийм биет бус хөрөнгийн ашиглалтын хугацааг тайлант үе бүр хянаж үзнэ. Хэрэв ийм үйл явдал ба нөхцөл байдал үгүй болсон ашиглалтын хугацааг тодорхой бусаас тодорхой болгох уг өөрчлөлтийг НББОУС 8-н дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж тайлагана.

Ашиглалтыг зогсоолт ба данснаас хасалт

Биет бус хөрөнгийг дараах тохиолдолд үл хүлээн зөвшөөрнө.

  • Данснаас хасахад; эсвэл
  • Хөрөнгийн ашиглалт буюу данснаас хасалтаас ирээдүйн эдийн засгийн үр өгөөж олохооргүй болсон үед

Биет бус хөрөнгийн үл хүлээн зөвшөөрөлтөөс үүссэн олз буюу гарзыг хэрэв байгаа бол данснаас хасалтын цэвэр орлого ба тухайн хөрөнгийн дансны үнэ хоорондын зөрүүгээр тодорхойлно. Олз, гарзыг тухайн хөрөнгийг үл хүлээн зөвшөөрсөн үед (СТОУС 16) ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Олзыг орлого гэж ангилахгүй.

Тодруулга

Ерөнхий зүйл

Аж ахуй нэгж нь дотооддоо бий болгосон биет бус хөрөнгө ба бусад биет бус хөрөнгө гэдгээр ангилж, биет бус хөрөнгийн анги тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.

  • Ашиглалтын хугацаа нь тодорхой эсвэл тодорхой бус эсэх, хэрэв тодорхой бол ашиглалтын хугацаа буюу ашигласан хорогдуулгын хувь хэмжээ
  • Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн хувьд ашигласан хорогдуулгын аргууд
  • Тайлант үеийн эхэн ба эцэс дэх нийт дансны үнэ болон аливаа хуримтлагдсан хорогдуулга (хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзтай нэгтгэн нийлүүлсэн) ;
  • Биет бус хөрөнгийн аливаа хорогдуулгыг тусгасан дэлгэрэнгүй орлогын тайлангийн мөрийн зүйл
  •  Доорх зүйлсийг харуулсан, тайлант үеийн эхэн ба эцэс дэх дансны үнийн тохируулга
    • Нэмэгдэлт, үүнд дотоодын хөгжүүлэлтээс бий болсон, худалдаж авсан, бизнесийн нэгдлээр олж авсан гэдгээр тусдаа харуулах
    •  СТОУС 5-н дагуу борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан данснаас хасах бүлэгт оруулсан хөрөнгүүд
    • 75,85,86-р параграфын дагуу дахин үнэлгээний үр дүнд, түүнчлэн (хэрэв байгаа бол) НББОУС 36-н дагуу бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн эсвэл түүнээс буцаасан үнэ цэнийн бууралтын гарзын үр дүнд нэмэгдсэн буюу буурсан дүн
    • НББОУС 36-н дагуу ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарз (хэрэв байгаа бол)
    • НББОУС 36-н дагуу ашиг, алдагдалд буцаан тусгасан үнэ цэнийн бууралтын гарз (хэрэв байгаа бол)
    • Тухайн тайлант үеийн туршид хүлээн зөвшөөрсөн аливаа хорогдуулга
    • Санхүүгийн тайлангийн толилуулгын валютад хөрвүүлснээс, мөн гадаад үйл ажиллагааг тухайн тайлагнагч аж ахуй нэгжийн толилуулгын валютад хөрвүүлснээс үүссэн ханшийн цэвэр зөрүү; ба
    • Тухайн тайлант үеийн туршид дансны үнэд орсон бусад өөрчлөлтүүд

Аж ахуй нэгж нь мөн дараах зүйлсийг тодруулна.

  • Тодорхой бус ашиглалтын хугацаатай гэж үнэлсэн биет бус хөрөнгийн хувьд уг хөрөнгийн дансны үнэ ба тодорхой бус ашиглалтын хугацаатай гэсэн үнэлгээг дэмжих шалтгаан үндэслэл. Эдгээр шалгааныг харгалзан үзснээр уг аж ахуй нэгж нь тухайн хөрөнгийг тодорхой бус ашиглалтын хугацаатай гэж тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйлсийг тодорхойлно.
  • Тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн хувьд материаллаг байх аливаа бие даасан биет бус хөрөнгийн тайлбар тодорхойлолт, түүний дансны үнэ болон үлдсэн хорогдуулгын хугацаа;
  • Засгийн газрын буцалтгүй тусламжаар олж авсан ба анх бодит үнэ цэнээр хүлээн зөвшөөрсөн биет бус хөрөнгийн хувьд (44-р параграфыг үзнэ үү):
    • Тэдгээр хөрөнгийг анх хүлээн зөвшөөрсөн бодит үнэ цэнэ;
    • Тэдгээрийн дансны үнэ; ба
    • Анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа тэдгээрийг өртгийн загвараар эсвэл дахин үнэлгээний загвараар хэмжсэн эсэх
  • Эрх хязгаарлагдсан биет бус хөрөнгө оршин байгаа эсэх ба түүний дансны үнэ, түүнчлэн өр төлбөрийн баталгаа болгон барьцаалсан биет бус хөрөнгийн дансны үнэ; ба
  • Биет бус хөрөнгийг худалдан авах гэрээний хариуцлагын дүн.

Судалгаа ба хөгжүүлэлтийн зардал

Аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн туршид зардал гэж хүлээн зөвшөөрсөн судалгаа ба хөгжүүлэлтийн зарлагын нэгдсэн дүнг тодруулна.