НББОУС 37: НӨӨЦ, БОЛЗОШГҮЙ ӨР ТӨЛБӨР БА БОЛЗОШГҮЙ ХӨРӨНГӨ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь нөөц болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгөд тохирох хүлээн зөвшөөрөлтийн шалгуур ба хэмжилтийн суурийг мөрдсөн бөгөөд тэдгэрийн шинж, төрөл, хугацаа, дүнг ойлгох боломжийг хэрэглэгчдэд олгох хангалттай мэдээллийг тодруулсан эсэхийг ханган магадлахад оршино.

Цар хүрээ:

            Энэ стандартыг доор дурдснаас бусад нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгийн тайлагналд бүх аж ахуй нэгжүүд даган мөрдөнө.

  • Алдагдалтай гэрээнээс бусад, бүрэн биелэгдээгүй гэрээнээс үүссэн нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгө; ба
  • Өөр стандартын хүрээнд авч үзсэн нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгө.

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Нөөц гэдэг нь тодорхой бус хугацаа буюу дүн бүхий өр төлбөр юм.

Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн бөгөөд түүний хүлээгдэж буй барагдуулалтаар эдийн засгийн үр өгөөж бүхий нөөцийг тухайн аж ахуй нэгжээс зарцуулахад хүргэх уг аж ахуй нэгжийн одоогийн үүрэг юм.

Үүрэг хүлээлгэх үйл явдал гэдэг нь тухайн үүргийг барагдуулахаас өөр бодит сонголтгүй болоход аж ахуй нэгжийг хүргэдэг, хуулиар хүлээсэн үүрэг эсвэл гэрээний бус үүрэг үүсгэдэг үйл явдал юм.

Хуулиар хүлээсэн үүрэг гэдэг нь дараах зүйлсээс үүсдэг үүрэг юм.

  • Гэрээ (түүний илэрхий буюу далд утгатай нөхцлөөр)
  • Хууль тогтоомж; эсвэл
  • Хуулийн бусад үйлчлэл

Гэрээний бус үүрэг гэдэг нь дараах тохиолдолд аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр дүнд үүсдэг үүрэг юм.  

  • Өнгөрсөн практикийн тогтсон хэв маяг, хэвлэн нийтэлсэн бодлого буюу хангалттай тодорхой заасан одоогийн мэдэгдлээр тухайн аж ахуй нэгж нь зарим хариуцлагыг хүлээнэ гэдгээ бусад талуудад илэрхийлсэн байх
  • Үүний үр дүнд уг аж ахуй нэгж нь тэдгээр хариуцлагыг биелүүлнэ гэсэн бодит хүлээлтийг нөгөө талдаа бий болгосон байх

Болзошгүй өр төлбөр гэдэг нь:

  • Өнгөрсөн үйл явдлын дүнд үүсдэг бөгөөд түүний оршин байдал нь бүхэлдээ уг аж ахуй нэгжийн хянах боломжгүй ирээдүйн нэг буюу хэд хэдэн тодорхой бус үйл явдлын тохиолдолд эсвэл эсвэл үл тохиолдолтоор зөвхөн батлагдах боломжит үүрэг; эсвэл
  • Өнгөрсөн үйл явдлуудын үр дүнд үүсдэг боловч дарах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөөгүй одоогийн үүрэг
    • Уг үүргийг барагдуулахад шаардлагатай эдийн засгийн үр өгөөж бүхий нөөцийг зарцуулах магадлалгүй; эсвэл
    • Үүргийн дүнг хангалттай, найдвартайгаар хэмжих боломжгүй.

Болзошгүй хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсдэг бөгөөд түүний оршин байдал нь бүхэлдээ уг аж ахуй нэгжийн хянах боломжгүй ирээдүйн нэг буюу хэд хэдэн тодорхой бус үйл явдлын тохиолдолд эсвэл үл тохиолдолтоор зөвхөн батлагдах боломжит хөрөнгө юм.

Алдагдалтай гэрээ гэдэг нь гэрээний үүргийг биелүүлэхэд гарах, зайлсхийх боломжгүй зардал нь уг гэрээний дагуу авахаар хүлээгдэж буй эдийн засгийн үр өгөөжөөс хэтрэх гэрээ юм.

Бүтцийн өөрчлөлт гэдэг нь удирдлага төлөвлөн хянаж байгаа бөгөөд дараах зүйлсийн аль нэгийг материаллагаар өөрчлөх хөтөлбөр юм.

  • Аж ахуй нэгжийн эрхэлж буй бизнесийн цар хүрээ; эсвэл
  • Бизнесийг эрхлэн явуулдаг арга маяг.

Хүлээн зөвшөөрөлт:

Нөөц

Дараах тохиолдолд нөөцийг хүлээн зөвшөөрнө.

  • Аж ахуй нэгж нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд одоогийн (хуулиар хүлээсэн эсвэл гэрээний бус) үүрэгтэй байх
  • Үүргийг барагдуулахад шаардлагатай эдийн засгийн үр өгөөж бүхий нөөцийг зарцуулах магадлалтай байх
  • Үүргийн дүнгийн талаар найдвартай тооцоолол хийж чадах.

Хэрэв эдгээр нөхцлүүд хангагдахгүй бол нөөцийг хүлээн зөвшөөрөхгүй.

Одоогийн үүрэг

Цөөн ховор тохиолдолд одоогийн үүрэгтэй эсэх нь тодорхой бус байдаг. Ийм тохиолдолд бэлэн боломжтой байгаа бүх нотолгоог харгалзан үзснээр тухайн тайлант үеийн эцэст одоогийн үүрэг оршин байх нь үл оршин байхаас илүү их магадлалтай бол өнгөрсөн үйл явдал нь одоогийн үүрэг үүсэхэд хүргэсэн гэж төсөөлдөг.

Болзошгүй өр төлбөр

Аж ахуй нэгж нь болзошгүй өр төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Эдийн засгийн үр өгөөж бүхий нөөцийг зарцуулах магадлал нь бага байхаас бусад тохиолдолд 86-р параграфаар шаардсанчлан, болзошгүй өр төлбөрийг тодруулна.

Болзошгүй өр төлбөр нь анх хүлээгдэж байснаас өөр байдлаар хүлээгдэж болох юм. Иймээс эдийн засгийн үр өгөөж бүхий нөөцийг зарцуулах магадлалтай болсон эсэхийг тодорхойлохын тулд болзошгүй өр төлбөрийг байнга үнэлнэ.

Болзошгүй хөрөнгө

Аж ахуй нэгж нь болзошгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Болзошгүй хөрөнгө нь тухайн аж ахуй нэгжид эдийн засгийн үр өгөөж авчрах боломжийг бий болгох төлөвлөөгүй буюу бусад байдлаар хүлээгдээгзй үйл явдлаас ихэвчлэн үүсдэг. Болзошгүй хөрөнгө нь хэзээ ч хэрэгжихгүй байж болох орлогын хүлээн зөвшөөрөлтөд хүргэж болох учраас түүнийг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөхгүй. Харин орлогын хэрэгжилт нь үнэхээр тодорхой байгаа тохиолдолд дараа нь хэрэгжсэн уг хөрөнгө нь болзошгүй хөрөнгө биш бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөх нь зохистой юм.

Хэмжилт:

Хамгийн сайн тооцоолол

Нөөц гэж хүлээн зөвшөөрсөн дүн нь тухайн тайлант үеийн эцэст уг одоогийн үүргийг барагдуулахад шаардлагатай зарлагын хамгийн сайн тооцоолол байвал зохино.

Эрсдэл ба тодорхой бус байдал

Олон үйл явдал ба нөхцөл байдлын хүрээнд зайлшгүй оршин байдаг эрсдэл болон тодорхой бус байдлыг уг нөөцийн хамгийн сайн тооцооллыг хийхдээ харгалзан үзнэ.

Өнөөгийн үнэ цэнэ

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ нь материаллаг нөлөөтэй байх тохиолдолд нөөцийн дүн нь уг үүргийг барагдуулахад шаардагдахаар хүлээгдэж буй зарлагын өнөөгийн үнэ цэнэ юм.

Дискаунтын хувь нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн талаарх одоогийн зах зээлийн үнэлгээ болон уг өр төлбөрт тусгайлан хамаарах эрсдлийг тусгасан, татварын өмнөх хувь хэмжээ байна. Дискаунтын хувь хэмжээ нь тухайн эрсдлийн хувьд ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцооллыг тохируулсан тийм эрсдлийг тусган илэрхийлэхгүй.

Ирээдүйн үйл явдлууд

Үүргийг барагдуулахад шаардлагатай дүнд нөлөөлж болох ирээдүйн явдлууд нь гарч тохиолднл гэсэн хангалттай, бодитой нотолгоо байгаа тохиолдолд уг ирээдүйн үйл явдлуудыг нөөцийн дүнд тусгана.

Хөрөнгийн хүлээгдэж буй данснаас хасалт

Хөрөнгийн хүлээгдэж буй данснаас хасалтаас үүсэх олзыг нөөцийн хэмжилтэд харгалзан үзэхгүй.

Нөхөн төлбөр

Нөөцийг барагдуулахад шаардлагатай бүх буюу зарим зарлагыг өөр нэг тал нөхөн төлөхөөр хүлээгдэж байгаа үед тухайн аж ахуй нэгж нь уг үүргийг барагдуулбал нөхөн төлбөрийг хүлээн авна гэдэг нь үнэхээр тодорхой байх зөвхөн тийм тохиолдолд нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Нөхөн төлбөрийг тусдаа хөрөнгө байдлаар авч үзнэ. Нөхөн төлбөр байдлаар хүлээн зөвшөөрөх дүн нь нөөцийн дүнгээс илүүгүй байна.

Нөөцтэй холбоотой зардлыг уг нөхөн төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрсөн дүнг хассан цэвэр дүнгээр дэлгэрэнгүй орлогын тайланд толилуулж болно.

Нөөцийн өөрчлөлт

Нөөцийг тухайн тайлант үе бүрийн эцэст нягтлаж шалгах бөгөөд одоогийн хамгийн сайн тооцооллыг тусгахын тулд түүнийг тохируулна. Хэрэв үүргийг барагдуулахад шаардагдах эдийн засгийн үр өгөөж бүхий нөөцийг зарцуулах магадлал цаашид үгүй болбол уг нөөцийг буцаана.

Нөөцийн ашиглалт

Тодорхой зарлагад зориулж, анхнаасаа хүлээн зөвшөөрсөн нөөцийг зөвхөн тэрхүү зарлагын хувьд ашиглана.

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилтийн дүрмүүдийг мөрдөх

Ирээдүйн үйл ажиллагааны гарз

Ирээдүйн үйл ажиллагааны гарзын хувьд нөөцийг хүлээн зөвшөөрөхгүй.

Алдагдалтай гэрээ

Хэрэв аж ахуй нэгж нь алдагдалтай гэрээ байгуулсан бол уг гэрээний дагуу хүлээх одоогийн үүргийг нөөц гэж хүлээн зөвшөөрч хэмжинэ.

Бүтцийн өөрчлөлт

Бүтцийн өөрчлөлт хийх гэрээний бус үүрэг нь зөвхөн дараах тохиолдолд үүсдэг.

  • Аж ахуй нэгж наад зах нь доорх зүйлсийг тодорхойлсон, бүтцийн өөрчлөлт хийх албан ёсны дэлгэрэнгүй төлөвлөгөөтэй байх
    • Тухайн авч үзэж буй бизнес буюу бизнесийн хэсэг
    • Өөрчлөгдөх үндсэн байршлууд
    • Ажлаас халснаар нөхөн төлбөр олгох ажилтнуудын байршил, гүйцэтгэдэг үүрэг ба ойролцоо тоо,
    • Гарах зарлага; ба
    • Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа
  • Аж ахуй нэгж нь тухайн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр эсвэл түүний гол шинжүүдийг холбогдох хүмүүст мэдэгдснээр бүтцийн өөрчлөлт хийгднэ гэсэн бодит хүлээлтийг тэдгээр хамаарах талуудад үүсгэсэн байх

Аж ахуй нэгж нь үйл ажиллагааг борлуулах үүрэгтэй болох, өөрөөр хэлбэл хууль ёсны хүчин төгөлдөр борлуулалтын гэрээг байгуулах хүртэл үйл ажиллагааг борлуулах үүрэг үүсэхгүй.

Бүтцийн өөрчлөлтийн нөөц нь уг бүтцийн өөрчлөлтөөс үүсэх ба дараах 2 шинжийг хоёуланг нь хангах зөвхөн шууд зарлагуудыг багтаасан байна.

  • Уг бүтцийн өөрчлөлтөөс зайлшгүй хамаарах; ба
  • Тухайн аж ахуй нэгжийн тасралтгүй үйл ажиллагаатай холбоогүй байх

Тодруулга:

Аж ахуй нэгж нь нөөцийн анги тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.

  • Тухайн тайлант үеийн эхэн ба эцэс дэх дансны үнэ
  • Тухайн тайлант үед байгуулсан нэмэлт нөөц, үүн дотроо одоогийн нөөцийн нэмэгдүүлэлт хамаарна.
  • Тухайн тайлант үед ашигласан нөөцийн дүн (өөрөөр хэлбэл, зардал гарч, нөөцөөс хассан)
  • Тухайн тайлант үеийн туршид буцаасан ашиглагдаагүй дүн; ба
  • Цаг хугацаа өнгөрсний үр дүнд уг дискаунтчилсан дүнд тухайн тайлант үеийн туршид гарсан өсөлт ба дискаунтын хувь хэмжээний аливаа өөрчлөлтийн үр нөлөө.

Зэрэгцүүлэгдэх мэдээллийг шаардахгүй.

Аж ахуй нэгж нь нөөцийн анги тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.

  • Үүргийн шинж төрөл ба эдийн засгийн үр өгөөжийн аливаа үр дүнгийн зарлагын хүлээгдэж буй хугацааны талаархи товч тайлбар тодорхойлолт
  • Эдгээр зарлагын дүн буюу хугацааны талаархи тодорхой бус байдлын шинж тэмдэг. Зохих мэдээллээр хангах шаардлагатай тохиолдолд аж ахуй нэгж нь 48-р параграфт дурдсанчлан, ирээдүйн үйл явдлын талаар хийсэн гол таамаглалуудыг тодруулна.; ба
  • Аливаа хүлээгдэж буй нөхөн төлбөрийн дүн, уг хүлээгдэж буй нөхөн төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрсөн аливаа хөрөнгийн дүнг илэрхийлэх.

Төлбөрийг барагдуулахад аливаа зарлага гарах магадлал маш бага байхаас бусад тохиолдолд аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн эцсээрх болзошгүй өр төлбөрийн анги тус бүрийн хувьд уг болзошгүй өр төлбөрийн шинж төрлийн талаарх товч тайлбар тодорхойлолт, түүнчлэн практик боломжтой тохиолдолд дараах зүйлсийг тодруулна.

  • 36-52-р параграфын дагуу хэмжсэн, түүний санхүүгийн үр нөлөөний тооцоолол
  • Аливаа зарлагын дүн буюу хугацаатай холбоотой тодорхой бус байдлын шинж тэмдэг;  ба
  • Аливаа нөхөн төлбөрийн боломжит байдал.

Эдийн засгийн үр өгөөж орох магадлалтай тохиолдолд аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн эцэс дэх болзошгүй хөрөнгийн шинж төрлийн талаархи тайлбар тодорхойлолтыг, түүнчлэн 36-52-р параграфт нөөцийн хувьд тогтоосон зарчмуудыг ашиглан хэмжсэн, тэдгээрийн санхүүгийн үр нөлөөний тооцооллыг практик боломжтой хэмжээгээр тодруулна.

86 ба 89-р паргарфаар шаардсан аливаа мэдээллийг тодруулах практик боломжгүйн улмаас тодруулга хийгээгүй тохиолдолд энэ тухай тайлбарлана.

Туйлын ховор тохиолдолд 84-89-р параграфаар шаардсан бүх буюу зарим мэдээллийг тодруулах нь тухайн нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгийн асуудлаар бусад талуудтйа маргаантай байгаа уг аж ахуй нэгжийн байр сууринд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болох юм. Ийм тохиолдолд аж ахуй нэгж нь мэдээллийг тодруулах шаардлагагүй боловч уг мэдээллийг тодруулаагүй тухай болон яагаад тодруулаагүй талаарх шалтгааны хамтаар тэрхүү маргааны ерөнхий шинж чанарыг тодруулна.