НББОУС 36: ҮНЭ ЦЭНИЙН БУУРАЛТ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь аж ахуй нэгжийн өөрийн хөрөнгүүдийг тэдгээрийн нөхөгдөх дүнгээс илүү дүнгээр бүртгээгүй гэдгийг хангах магадлахын тулд мөрдөх горимуудыг тодорхойлоход оршино. Хэрэв хөрөнгийн дансны үнэ нь тухайн хөрөнгийн ашиглалт буюу борлуулалтаар нөхөгдөх дүнгээс давж, илүү гарвал уг хөрөнгө нь түүний нөхөгдөх дүнгээс илүү дүнгээр бүртгэгдэнэ. Хэрэв ийм тохиолдол үүсвэл уг хөрөнгийг үнэ цэнэ буурсан гэж тодорхойлох бөгөөд энэ стандарт нь үнэ цэнийн бууралтын гарз хүлээн зөвшөөрөхийг тухайн аж ахуй нэгжээс шаарддаг. Мөн энэ стандарт нь үнэ цэнийн бууралтын гарзыг аж ахуй нэгж хэзээ буцаахыг тусгайлан илэрхийлсэн бөгөөд хийх тодруулгыг тодорхойлон заасан.

Цар хүрээ:

            Энэ стандартыг доор дурдснаас бусад бүх хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тайлагнахад мөрдөнө.

  • Бараа материал (НББОУС 2-г үзнэ үү)
  • СТОУС 15-ын дагуу хүлээн зөвшөөрөх гэрээний хөрөнгө, түүнчлэн гэрээг байгуулах буюу гүйцэтгэхийн тулд гаргах өртөг зардлаас үүссэн хөрөнгө
  • Хойшлогдсон татварын хөрөнгө (НББОУС 12-г үзнэ үү)
  • Ажилтны тэтгэмжтэй холбоотой үүссэн хөрөнгө (НББОУС 19-г үзнэ үү)
  • СТОУС 9-н цар хүрээнд хамаарах санхүүгийн хөрөнгө
  • Бодит үнэ цэнээр нь хэмжсэн хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө (НББОУС 40-г үзнэ үү)
  • НББОУС 41 -н цар хүрээнд хамаарах ХАА-н үйл ажиллагаатай холбоотой бөгөөд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжигддэг биологийн хөрөнгө
  • СТОУС 17-н цар хүрээнд хамаарах хөрөнгө болох гэрээнүү; ба
  • СТОУС 5-ын дагуу борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан эргэлтийн бус хөрөнгө (буюу данснаас хасах бүлгүүд).

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Дансны үнэ гэдэг нь аливаа хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассны дараах хөрөнгийг хүлээн зөвшөөрч байгаа дүн юм.

Мөнгө бий болгогч нэгж гэдэг нь бусад хөрөнгө буюу хөрөнгүүдийн бүлгийн мөнгөн орлогоос бүрэн хамааралгүй байдлаар мөнгөн орлогыг бий болгодог хөрөнгүүдийн тодорхойлж болох хамгийн бага бүлэг юм.

Корпорацийн хөрөнгө гэдэг нь тухайн авч үзэж буй мөнгө бий болгогч нэгж ба  бусад мөнгө бий болгогч нэгжүүдийн аль алины ирээдүйн мөнгөн гүйлгээнд хувь нэмрээ оруулдаг, гүүдвилээс бусад хөрөнгө юм.

Данснаас хасах зардал гэдэг нь хөрөнгө буюу мөнгө бий болгогч нэгжийн данснаас хасалтад шууд хамаарах, өсөн нэмэгдэх зардал бөгөөд үүнд санхүүгийн зардал болон орлогын албан татварын зардал хамаарахгүй.

Элэгдүүлэх дүн гэдэг нь санхүүгийн тайлан дахь хөрөнгийн өртөгөөс эсвэл өртөгийг орлох бусад дүнгээс түүний үлдэх өртөгийг хассан дүнг хэлнэ.

Элэгдэл (хорогдуулга) гэдэг нь хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацааны туршид хуваарилах системтэй хуваарилалт юм.

Ашиглалтын хугацаа гэдэг нь

  • Аж ахуй нэгжид уг хөрөнгө ашиглагдах боломжтой байхаар хүлээгдэж буй хугацаа; эсвэл
  • Аж ахуй нэгж тухайн хөрөнгөөс олж авахаар хүлээгдэж буй бүтээгдэхүүн буюу түүнтэй ижил төсөөтэй нэжүүдийн тоо хэмжээ.

Үнэ цэнэ буурсан байж болох хөрөнгийг тогтоох

Аж ахуй нэгж нь хөрөнгийн үнэ цэнэ буурсан байж болох ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг тайлант үе бүрийн эцэст үнэлнэ. Хэрэв ийм ямар нэг шинж тэмдэг илэрвэл аж ахуй нэгж нь хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцно.

Үнэ цэнийн бууралтын ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхээс үл хамааран аж ахуй нэгж нь мөн дараах зүйлсийг гүйцэтгэнэ.

  • Тодорхой бус ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгө эсвэл ашиглахад хараахан бэлэн болоогүй биет бус хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх дүнтэй зэрэгцүүлснээр үнэ цэнийн бууралтыг жил бүр сорьж шалгах. Хэрэв энэхүү үнэ цэнийн бууралтын сорилыг жил бүрийн нэг ижил хугацаанд хийдэг бол жилийн турш дахь жилйн хугацаанд үүнийг гүйцэтгэж болно. Харин өөр өөр биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг өөр өөр хугацаанд сорьж шалгаж болно. Гэхдээ ийм биет бус хөрөнгийг тайлант жилийн дундуур анх хүлээн зөвшөөрсөн бол тэрхүү биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тухайн тайлант жилийн эцэс болохоос өмнө сорьж шалгана.
  • Бизнесийн нэгдлээр бий болсон гүүдвилийн үнэ цэнийн бууралтыг 80-99-р параграфын дагуу жил бүр сорьж шалгах.

Хөрөнгийн үнэ цэнэ буурсан байж болох ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг үнэлэхдээ аж ахуй нэгж нь хамгийн наад зах нь дараах шинж тэмдэгийг харгалзан үзнэ.

Мэдээллийн гадаад эх сурвалж

  • Хөрөнгийн үнэ цэнэ нь түүний хэвийн ашиглалтаар эсвэл цаг хугацаа өнгөрснөөр буурна гэж хүлээгдэж байснаас мэдэгдэхүйц их дүнгээр тухайн тайлант үеийн туршид буурсан гэдгийг харуулах илэрхий шинж тэмдэг байх
  • Тухайн аж ахуй нэгжид сөрөг нөлөөтэй мэдэгдэхүйц өөрчлөлтүүд нь тэрхүү аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулдаг технологийн, зах зээлийн, эдийн засгийн болон хуулийн орчинд эсвэл уг хөрөнгийг зориулан зарцуулах зах зээлд энэхүү тайлант үеийн туршид гарч тохиолдсон эсвэл ойрын ирээдүйд гарч тохиолдохоор байх
  • Зах зээлийн хүүний түвшин эсвэл хөрөнгө оруулалтын өгөөжийн зах зээлийн бусад хувь хэмжээ нь тухайн тайлант үеийн туршид өссөн бөгөөд ийм өсөлт нь хөрөнгийн ашиглалтын үнэ цэнийг тооцоолоход ашиглах дискаунтын хувь хэмжээнд нөлөөлөх ба уг хөрөнгийн нөхөгдөх дүнг материаллагаар бууруулах магадлалтай байх
  • Аж ахуй нэгжийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь түүнийг капиталжуулан тооцсон зах зээлийн дүнгээс их байна.

Мэдээллийн дотоод эх сурвалж

  • Хөрөнгийн хуучралт буюу ибет эвдрэл, гэмтлийн талаарх нотолгоо байх
  • Тухайн аж ахуй нэгжид сөрөг нөлөөтэй мэдэгдэхүйц өөрчлөлтүүд нь түүний хөрөнгөө ашиглаж байгаа эсвэл ашиглахаар хүлээгдэж буй хэмжээ, арга маягт энэхүү тайлант үеийн туршид гарч тохиолдсон эсвэл ойрын ирээдүйд гарахаар хүлээгдэж байх. Хөрөнгийн ашиглалтгүй сул зогсолт, тухайн хөрөнгөд хамааралтай үйл ажиллагааг зогсоох буюу бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө, анхны хүлээгдэж байсан өдрөөс өмнө хөрөнгийг данснаас хасах төлөвлөгөө, хөрөнгийн ашиглагдах хугацаа тодорхойгүй байсныг тодорхой хязгаарлагдмал болгосон дахин үнэлэлт зэрэг нь ийм өөрчлөлтөнд хамаарна.
  • Хөрөнгийн эдийн засгийн гүйцэтгэл, үр дүн хүлээгдэж байснаас муу байх эсвэл муу болно гэдгийг илтгэсэн нотолгоо дотоод тайлагналаас бий болсон байх.

Охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компаний ногдол ашиг

Охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь хөрөнгө оруулалтын хувьд тухайн хөрөнгө оруулагч нь уг хөрөнгө оруулалтаас хүлээн авсан ногдол ашгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд дараах нотолгоо байх.

  • Тусдаа санхүүгийн тайлан дахь хөрөнгө оруулалтын дансны үнэ нь нэгдсэн санхүүгийн тайлан дахь холбогдох гүүдвилийг багтаасан уг санхүүжигчийн цэвэр хөрөнгийн дансны үнээс илүү байх.
  • Ногдол ашиг нь охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компаний уг ногдол ашгийг зарласан тайлант үеийн нийт дэлгэрэнгүй орлогоос илүү байх.

Ашиглалтын үнэ цэнэ

Дараах элементүүдийг хөрөнгийн ашиглалтын үнэ цэнийн тооцололд тусгана.

  • Аж ахуй нэгж нь тухайн хөрөнгөөс олохоор хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцоолол;
  • Тэдгээр ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн буюу хугацаанд гарах боломжит хэлбэлзэл өөрчлөлтүүдийн талаарх хүлээлт;
  • Эрсдэлгүй хүүний одоогийн зах зээлийн хувь хэмжээгээр илэрхийлэгдэх мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
  • Тухайн хөрөнгийн угийн тодорхойгүй байдалд хамаарах үнэ
  • Зах зээлд оролцогчид нь уг хөрөнгөөс тухайн аж ахуй нэгжийн олохоор хүлээж буй ирээдүйн мөнгөн гүйлгээг үнэлэн тооцохдоо харгалзан тусгах төлбөрийн чадваргүй байдал гэх мэт бусад хүчин зүйлс.

Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцооллын үндэслэл

Ашиглалтын үнэ цэнийг хэмжихдээ аж ахуй нэгж нь:

  • Тухайн хөрөнгийн үлдсэн ашиглалтын хугацааны туршид оршин байх эдийн засгийн янз бүрийн нөхцөл байдлын талаарх удирдлагын хамгийн сайн тооцооллыг илэрхийлэх ул үндэслэлтэй бөгөөд дэмжигдэхүйц таамагллуудад үндэслэн мөнгөн гүйлгээний төсөвлөлтийг бэлтгэнэ. Гадны нотолгоонд илүү ач холбогдол өгдөг.
  • Удирдлагын баталсан хамгийн сүүлийн үеийн санхүүгийн төсөв/прогнозод үндэслэн мөнгөн гүйлгээний төсөвлөлтийг бэлтгэх боловч ирээдүйн бүтцийн өөрчлөлт эсвэл хөрөнгийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх буюу сайжруулснаар бий болохоор хүлээгдэж буй аливаа тооцоолсон ирээдүйн мөнгөн орлого, мөнгөн зарлагыг харгалзан үзэхгүй. Энэхүү төсөв/прогнозд үндэслэн илүү урт хугацаа тохиромжтой гэдгийг баталж чадахаас бусад тохиолдолд хамгийн ихдээ таван жилийн хугацааг хамарна.
  • Өсөх хувь хэмжээ зохистой гэдгийг баталж чадахаас бусад тохиолдолд тогтмол эсвэл буурах өсөлтийн хувь хэмжээг дараагийн жилүүдэд ашигласнаар төсөв/прогнозд үндэслэсэн энэхүү төсөвлөлтийн хувьд экстрополяци (төсөөлөн тооцоололт) хийх замаар уг хамгийн сүүлийн төсөв /прогнозд хамаарах тайлант үеэс хойших хугацааны мөнгөн гүйлгээний төсөвлөлтийг тооцоолно. Арай өндөр хувь хэмжээ зохистой гэдгийг баталж чадахаас бусад тохиолдолд энэхүү өсөлтийн хувь хэмжээ нь уг аж ахуй нэгжийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, түүний үйл ажиллагаагаа явуулдаг салбар, улс буюу улс орнууд, эсвэл тухайн хөрөнгийг ашигладаг зах зээлийн урт хугацааны өсөлтийн дундаж хувиас илүүгүй байна.

Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцооллын бүрэлдэхүүн

Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцоолол нь дараах зүйлсийг багтаасан байна.

  • Тухайн хөрөнгийн тасралтгүй ашиглалтаас бий болох мөнгөн орлогын гүйлгээний төсөвлөлт
  • Тухайн хөрөнгийн тасралгүй ашиглалтаас бий болох мөнгөн орлогын гүйлгээг үүсгэхийн тулд зайлшгүй гарган зарцуулах ба уг хөрөнгөнд шууд хамааруулах буюу ул үндэслэлтэй, тууштай сууриар хуваарилж болох мөнгөн зарлагын гүйлгээний (үүнд хөрөнгийг ашиглахад бэлтгэх мөнгөн зарлагын гүйлгээ хамаарна) төсөвлөлт; ба
  • Хөрөнгийг түүний ашиглалтын хугацааны эцэст данснаас хасснаар хүлээн авах (эсвэл төлөх) аливаа цэвэр мөнгөн гүйлгээ.

Ирээдүйн мөнгөн гүйлгээг тухайн хөрөнгийн хувьд түүний одоогийн нөхцөл байдлаар тооцолно. Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцоололд дараах зүйлсээс бий болохоор хүлээгдэж буй тооцоолсон ирээдүйн мөнгөн орлогын буюу мөнгөн зарлагын гүйлгээг оруулахгүй.

  • Аж ахуй нэгж хийх үүргийг хараахан хүлээгээгүй байгаа ирээдүйн бүтцийн өөрчлөлт; эсвэл
  • Хөрөнгийн гүйцэтгэлийг сайжруулах буюу нэмэгдүүлэх.

Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцоололд дараах зүйлс хамаарахгүй.

  • Санхүүжилтийн үйл ажиллагааны мөнгөн орлогын буюу мөнгөн зарлагын гүйлгээ; эсвэл
  • Орлогын татварт төлсөн эсвэл хүлээн авсан мөнгө.

Хөрөнгийг түүний ашиглалтын хугацааны эцэст данснаас хасснаар хүлээн авах (эсвэл төлөх) цэвэр мөнгөн гүйлгээний тооцоолол нь зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хоорондох харилцан хамааралгүй талуудын ажил гүйлгээгээр уг хөрөнгийн данснаас хасалтаар олж авахаар аж ахуй нэгжийн хүлээж буй, тухайн данснаас хасалтын тооцоолсон зардлыг хассаны дараах дүн байна.

Гадаад валютаарх ирээдүйн мөнгөн гүйлгээ:

Ирээдүйн мөнгөн гүйлгээ түүний үүсэн бий болох валютаар тооцоолох ба үүний дараа уг валютанд тохиромжтой дискаунтын хувийг ашиглан дискаунтчилна. Аж ахуй нэгж нь ашиглалтын үнэ цэнийг тооцоолох өдрийн спот ханшийг ашиглан өнөөгийн үнэ цэнийг хөрвүүлнэ.

Дискаунтын хувь

Дискаунтын хувь нь дараах зүйлсийн одоогийн зах зээлийн үнэлгээг тусгасан татварын өмнөх хувь хэмжээ байна.

  • Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ; ба
  • Уг эрсдлийн хувьд ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцооллыг тохируулаагүй байгаа бөгөөд тухайн хөрөнгөнд тусгайлан хамаарах эрсдэл

Үнэ цэнийн бууралтын газрыг хүлээн зөвшөөрөх ба хэмжих

Хөрөнгийн нөхөгдөх дүн нь түүний дансны үнээс бага байх зөвхөн тийм тохиолдолд тухайн хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх дүн хүртэл буурууна. Ийм бууралт нь үнэ цэнийн бууралтын гарз юм.

Хөрөнгийг өөр бусад стандартын (жишээлбэл, НББОУС 16-д заасан дахин үнэлгээний загварын) дагуу дахин үнэлсэн дүнгээр бүртгэснээс бусад тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг ашиг, алдагдалд шууд хүлээн зөвшөөрнө. Дахин үнэлсэн хөрөнгийн аливаа үнэ цэнийн бууралтын гарзыг уг бусад стандартын дагуу дахин үнэлгээний бууралт гэж үзнэ.

Үнэ цэнийн бууралтын гарзын хувьд тооцоолсон дүн нь холбогдох хөрөнгийнхөө дансны үнээс илүү байх тохиолдолд аж ахуй нэгж нь зөвхөн бусад стандартаар шаардсан бол зөрүүг өр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө.

Үнэ цэнийн бууралтын гарзын хүлээн зөвшөөрөлтийн дараа, уг хөрөнгийн үлдэх өртгийг (хэрэв байгаа бол) хассан, түүний хянан засварласан дансны үнийг тухайн хөрөнгийн үлдсэн ашиглалтын хугацаанд системтэйгээр хуваарилахын тулд хөрөнгийн элэгдлийн зардлыг ирээдүйн тайлант үеүдэд тохируулна.

Тодруулга

Аж ахуй нэгж нь хөрөнгийн анги тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.

  • Тухайн тайлант үеийн туршид ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзын дүн ба тэдгээр үнэ цэнийн бууралтын гарзыг тусгасан дэлгэрэнгүй орлогын тайлангийн мөрийн зүйлс
  • Тухайн тайлант үеийн туршид ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтын дүн ба тэдгээр үнэ цэнийн бууралтын гарзыг буцаасан дэлгэрэнгүй орлогын тайлангийн мөрийн зүйлс
  • Тухайн тайлант үеийн туршид бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн, дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзын дүн.
  • Тухайн тайлант үеийн туршид бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн, дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтын дүн.

СТОУС 8-н дагуу сегментийн мэдээллийг тайлагнаж буй аж ахуй нэгж нь тайлагнах сегмент тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.

  • Тухайн тайлант үеийн туршид ашиг, алдагдалд болон бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзын дүн.
  • Тухайн тайлант үеийн туршид ашиг, алдагдалд болон бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтын дүн

Тухайн тайлант үеийн туршид үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсөн эсвэл буцаасан бие даасан хөрөнгө (үүн дотроо гүүдвилл) буюу мөнгө бий болгогч нэгжийн хувьд аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.

  • Үнэ цэнийн бууралтын гарзын хүлээн зөвшөөрөлт эсвэл буцаалтанд хүргэсэн үйл явдлууд болон нөхцөл байдлууд
  • Хүлээн зөвшөөрсөн эсвэл буцаасан үнэ цэнийн бууралтын гарзын дүн
  • Бие даасан хөрөнгийн хувьд:
    • Хөрөнгийн шинж, төрөл; ба
    • Хэрэв аж ахуй нэгж нь СТОУС 8-н дагуу сегментийн мэдээллийг тайлагнадаг бол тухайн хөрөнгийн харъяалагдах уг тайлагнах сегмент.
  • Мөнгө бий болгогч нэгжийн хувьд:
    • Мөнгө бий болгогч нэгжийн тодорхойлолт (энэ нь бүтээгдэхүүний төрөл, үйлдвэр, бизнесийн үйл ажиллагаа, газар зүйн бүс нутаг эсвэл СТОУС 8-д тодорхойлсон тайлагнах сегмент эсэх гэх мэт)
    • Хөрөнгийн ангиар , түүнчлэн аж ахуй нэгж нь СТОУС 8-н дагуу сегментийн мэдээллийг тайлагнадаг бол тухайн тайлагнах сегментээр хүлээн зөвшөөрсөн эсвэл буцаасан үнэ цэнийн бууралтын гарзын дүн; ба
    • Мөнгө бий болгогч нэгжийг тодорхойлохын тулд хийгдэх хөрөнгийн нэгтгэн нийлүүлэлт нь тухайн мөнгө бий болгогч нэгжийн нөхөгдөх дүнгийн өмнөх тооцооллоос хойш өөрчлөгдсөн бол хөрөнгүүдйг нэгтгэн нийлүүлэх одоогийн болон өмнөх арга замуудын тайлбар тодорхойлолт, түүнчлэн мөнгө бий болгогч нэгжийг тодорхойлох арга замыг өөрчилсөн шалтгаан.
  • Тухайн хөрөнгийн (мөнгө бий болгогч нэгжийн) нөхөгдөх дүн, түүнчлэн уг хөрөнгийн нөхөгдөх дүн нь түүний данснаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнэ эсвэл ашиглалтын үнэ цэнэ эсэх.
  • Хэрэв нөхөгдөх дүн нь дансанаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнэ бол аж ахуй нэгж нь дараах мэдээллийг тодруулна.
    • Тухайн хөрөнгийн (мөнгө бий болгогч нэгжийн) бодит үнэ цэнийн хэмжилтийг бүхэлд нь хамааруулан ангилах бодит үнэ цэнийн шатлалын түвшн (СТОУС 13-г үзнэ үү)
    • Бодит үнэ цэнийн шатлалтын түвшин 2 ба 3-д хамааруулан ангилсан бодит үнэ цэнийн хэмжилтийн хувьд данснаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнийг хэмжихэд ашигласан үнэлгээний арга зүйн тайлбар тодорхойлолт. Хэрэв үнэлгээний арга зүй өөрчлөгдсөн бол аж ахуй нэгж нь тухайн өөрчлөлт болон ингэж өөрчлөх болсон шалтгааныг тодруулна.
    • Бодит үнэ цэнийн шатлалын түвшин 2 ба 3-д хамааруулан ангилсан бодит үнэ цэнийн хэмжилтийн хувьд удирдлага нь данснаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнийг тодорхойлохдоо үндэслэл болгосон гол таамаглал нэг бүрийг тодруулна. Гол таамаглал гэдэг нь тухайн хөрөнгийн нөхөгдөх дүн хамгийн их хамааралтай, мэдрэмтгий байх тийм таамаглалууд. Хэрэв данснаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнийг өнөөгийн үнэ цэнийн арга зүй ашиглан хэмжсэн бол аж ахуй нэгж нь одоогийн хэмжилт болон өмнөх хэмжилтэд ашигласан дискаунтын хувийг мөн тодруулна.
  • Хэрэв нөхөгдөх дүн нь ашиглалтын үнэ цэнэ бол уг ашиглалтын үнэ цэнийн одоогийн болон өмнөх тооцоололд ашигласан дискаунтын хувь
  • 130-р параграфын дагуу мэдээллийг тодруулаагүй тухайн тайлант үеийн туршид хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзын нэгтгэн нийлүүлсэн дүн ба үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтын нэгтгэн нийлүүлсэн дүнгийн хувьд аж ахуй нэгж нь дараах мэдээллийг тодруулна.
    • Үнэ цэнийн бууралтын гарзаар нөлөө үзүүлсэн хөрөнгийн гол ангиуд ба үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтаар нөлөө үзүүлсэн хөрөнгийн гол ангиуд.
    • Эдгээр үнэ цэнийн бууралтын гарз ба үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн гол үйл явдлууд болон нөхцөл байдлууд.

84-р параграфт заасанчлан, тухайн тайлант үеийн туршид бизнесийн нэгдлээр олж авсан гүүдвилийн аливаа нэг хэсгийг уг тайлант үеийн эцэст мөнгө бий болгогч нэгжид хуваарилаагүй байвал тэрхүү хуваарилагдаагүй гүүдвилийн дүнг яагаад ингэж хуваарилаагүй үлдсэн шалтгааны хамт тодруулна.