НББОУС 34: ЗАВСРЫН ҮЕИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь завсрын үеийн санхүүгийн тайлангийн хамгийн наад захын агуулга, завсрын үеийн иж бүрэн буюу хураангүй санхүүгийн тайлан дахь хүлээн зөвшөөрөлт ба хэмжилтийн зарчмуудыг тодорхойлоход оршино. Цаг хугацаандаа найдвартай бэлтгэгдсэн завсрын үеийн санхүүгийн тайлан нь аж ахуй нэгжийн ашиг ба мөнгөн гүйлгээ бий болгох чадвар, түүний санхүүгий нөхцөл байдал, төлбөрийн чадварыг ойлгох хөрөнгө оруулагч, зээлдэгч болон бусад талуудын боломжийг нэмэгдүүлж өгдөг.

Цар хүрээ:

Ямар нэг аж ахуй нэгж нь завсрын үеийн санхүүгийн тайланг хир хир давтамжтайгаар эсвэл уг завсрын үеийн эцсээс хойш хэдий хугацааны дотор хэвлэн нийтлэх шаардлагатай эсэхийг энэхүү стандартд албан ёсоор заагаагүй.

Жилийн буюу завсрын үеийн санхүүгийн тайлан нэг бүр нь СТОУС-тай нийцэж буй эсэх талаар аж ахуй нэгж өөрийн үнэлгээг хийнэ. Аж ахуй нэгж нь СТОУС-тай үл нийцэх байдлаар жилийн санхүүгийн тайлан бэлтгэснээс бусад тохиолдолд тухайн санхүүгийн жилийн туршид завсрын үеийн санхүүгийн тайланг бэлтгээгүй эсвэл энэ стандарттай нийцээгүй, тийм завсрын үеийн санхүүгийн тайланг бэлтгэсэн байх нь түүний жилийн санхүүгийн тайлан СТОУС -тай нийцсэн байхад саад учруулахгүй.  

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Завсрын үе гэдэг нь нэг бүтэн санхүүгийн жилээс богино санхүүгийн тайлагналын хугацаа юм.

Завсрын үеийн санхүүгийн тайлан гэдэг нь завсрын үеийн иж бүрэн санхүүгийн тайлан (НББОУС 1-д тодорхойлсон) эсвэл завсрын үеийн хураангүй санхүүгийн тайлан (энэ стандартад тодорхойлсон) -г агуулсан санхүүгийн тайлан.

Завсрын үеийн санхүүгийн тайлангийн хамгийн наад захын бүрэлдэхүүн хэсгүүд

Завсрын үеийн санхүүгийн тайланд хамгийн наад зах нь дараах бүрэлдэхүүн хэсгүүд хамаарна.

  • Хураангуй санхүүгийн байдлын тайлан
  • Ашиг, алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлогын хураангүй тайлан эсвэл хураангуй тайлангууд
  • Хураангуй мчийн өөрчлөлтийн тайлан
  • Сонгон авсан тайлбар тодруулга

Хэрэв аж ахуй нэгж нь ашиг, алдагдлын зүйлсийг НББОУС 1-ийн 10А параграфт заасанчлан, тусдаа тайланд толилуулдаг бол завсрын үеийн хураангүй мэдээллийг уг тусдаа тайлангаас авч толилуулна.

Завсрын үеийн санхүүгийн тайлангийн хэлбэр ба агуулга

Хэрэв аж ахуй нэгж нь өөрийн завсрын санхүүгийн тайландаа иж бүрэн санхүүгийн тайланг хэвлэн нийтэлдэг бол тэдгээр тайлангийн хэлбэр ба агуулга нь иж бүрэн санхүүгийн тайлангийн хувьд заасан НББОУС 1-ийн шаардлагуудтай нийцсэн байна.

Хэрэв аж ахуй нэгж нь өөрийн завсрын үеийн санхүүгийн тайландаа хураангуй санхүүгийн тайланг хэвлэн нийтэлдэг бол энэхүү хураангуй тайлан нь хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан нэр, гарчиг, дэд дүн нэг бүрийг, түүнчлэн энэ стандартаар шаардсан, сонгон авсан тайлбар тодруулгыг хамгийн наад зах нь агуулсан байна. Хэрэв нэмэлт мөрийн зүйлс буюу тодруулгыг орхигдуулах нь уг завсрын үеийн хураангуй санхүүгийн тайланг будлиантай болгохоор байвал тэдгээрийг оруулна.

Хэрэв аж ахуй нэгж нь НББОУС 33-ийн цар хүрээнд хамаардаг бол завсрын үеийн ашиг, алдагдлын бүрэлдэхүүн хэсгүүдийг толилуулдаг тайландаа уг аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн нэгж хувьцаанд ногдох суурь ба хорогдуулсан ашгийг толилуулна.

Хэрэв аж ахуй нэгж нь ашиг, алдагдлын зүйлсийг НББОУС 1-ийн 10А параграфт заасанчлан тусдаа тайландаа толилуулдаг бол нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийг уг тусдаа тайланд толилуулна.    

Бусад тодруулга

Мэдэгдэхүйц үйл явдал ба ажил гүйлгээг 15-15В параграфуудын дагуу тодруулахаас гадна аж ахуй нэгж нь дараах мэдээллийг өөрийн завсрын үеийн санхүүгийн тайлангийн тодруулгад эсвэл уг завсрын үеийн санхүүгийн тайлангийн аль нэг хэсэгт тусган оруулна. Дараах тодруулгыг завсрын үеийн санхүүгийн тайланд оруулах байдлаар эсвэл санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд тухайн завсрын үеийн санхүүгийн тайлантай ижил нөхцлөөр, нэг ижил хугацаанд ашиглагдах боломжтой өөр бусад тайланд (удирдлагын тайлбар мэдэгдэл эсвэл эрсдлийн тайлан гэх мэт) уг завсрын үеийн санхүүгийн тайлангаас харилцаг лавлагаа үүсгэх байдлаар тусган илэрхийлнэ. Хэрэв санхүүгийн тайлангийн хэрэглэгчид нь уг харилцан лавлагаа үүсгэснээр тусган илэрхийлсэн мэдээллийг ижил нөхцлөөр, нэг ижил цаг хугацаанд ашиглах боломжгүй байвал тухайн завсрын үеийн санхүүгийн тайлан нь иж бүрэн бус болно. Ийм мэдээллийг тухайн өдөр хүрэлх санхүүгийн жилийн дүнгээр ихэвчлэн тайлагнана.

  • Хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайланд хэрэглэсэнтэй ижил нягтлан бодох бүртгэлийн бодлого болон тооцооллын аргыг уг завсрын үеийн санхүүгийн тайланд баримталсан тухайн мэдэгдэл эсвэл тэдгээр бодлого, аргыг өөрчилсөн бол уг өөрчлөлтийн шинж, төрөл ба үр нөлөө.
  • Завсрын үеийн үйл ажиллагааны улирлын буюу мөчлөгийн шинжийн талаархи тайлбар дүгнэлт.
  • Өөрийн шинж, төрөл хэмжээ, гарч тохиолдолтоос хамааран хэвийн бус байх бөгөөд хөрөнгө, өр төлбөр, өмч, цэвэр ашиг, мөнгөн гүйлгээнд нөлөө үзүүлдэг зүйлсийн шинж төрөл ба дүн.
  • Тухайн санхүүгийн жилйн доторх завсрын өмнөх тайлант үеүдэд тайлагнасан дүнгүүдийн тооцооллын өөрчлөлтийн эсвэл өмнөх санхүүгийн жилүүдэд тайлагнасан дүнгүүдийн тооцооллын өөрчлөлтийн шинж төрөл ба дүн.
  • Өрийн болон өмчийн үнэт цааснуудын гаргалт, буцаан худалдан авалт болон буцаан төлөлт
  • Энгийн хувьцаанд болон бусад хувьцаанд тус тусад нь төлсөн ногдол ашиг(нийт дүн эсвэл нэгж хувьцаанд ногдох дүн).
  • Сегментийн талаархи дараах мэдээлэл (СТОУС 8 үзнэ үү)
    • Үйл ажиллагааны гол шийдвэр гаргагчийн хянаж шалгасан буюу өөр бусад байдлаар уг үйл ажиллагааны гол шийдвэр гаргагчид тогтмол танилцуулдаг сегментийн ашиг, алдагдлын хэмжилтэнд тусган оруулсан гаднын худалдан авагчдаас олсон орлого
    • Үйл ажиллагааны гол шийдвэр гаргагчийн хянаж шалгасан буюу өөр бусад байдлаар уг үйл ажиллагааны гол шийдвэр гаргагчид тогтмол танилцуулдаг сегментийн ашиг, алдагдлын хэмжилтэнд тусган оруулсан сегмент хоорондын орлого
    • Сегментийн ашиг, алдагдлын хэмжилт
    • Тайлагнах тухайн тодорхой сегментэд хамаарах нийт хөрөнгө, өр төлбөрийн дүнг үйл ажиллагааны гол шийдвэр гаргагчид тогтмол танилцуулдаг ба уг тайлагнах сегментийн хувьд хамгийн сүүлйн жилийн санхүүгийн тайланд тодруулсан дүнд нь материаллаг өөрчлөлт орсон бол ийм нийт хөрөнгө, өр төлбөрийн хэмжилт.
    • Хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлантай харьцуулахад сегментчлэлийн суурьт эсвэл сегментийн ашиг, алдагдлын хэмжилтийн суурьт гарсан өөрчлөлтийн тайлбар тодорхойлолт.
    • Тайлагнах сегментүүдийн ашиг, алдагдлын хэмжилтийн нийт дүн ба тухайн аж ахуйн нэгжийн татварын зардал (татварын орлого)-ын болон зогсоосон үйл ажиллагааны өмнөх ашиг, алдагдлын хоорондох тохирууулгын тайлан. Гэхдээ аж ахуй нэгж нь татварын зардал (татварын орлого) гэх мэт зүйлсийг тэдгээр тайлагнах сегментүүдэд хуваарилдаг бол уг аж ахуйн нэгж нь сегментүүдийн ашиг, алдагдлын хэмжилтийн нийт дүн ба тэдгээр зүйлсийн дараах ашиг, алдагдлыг хооронд нь тохируулж болно. Тохируулга хийх материаллаг зүйлсийг уг тохируулгын тайланд тусад нь тодорхойлж, харуулна.
  • Завсрын үеийн санхүүгийн тайланд тусгагдаагүй ба уг завсрын үеэс хойшхи үйл явдлууд
  • Тухайн завсрын тайлант үеийн туршид уг аж ахуй нэгжийн бүтэц бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлтийн үр нөлөө, үүнд: бизнесийн нэгдэл, охин компаний болон урт хугацаат хөрөнгө оруулалтын хяналтыг олж авах эсвэл алдах, бүтцийн өөрчлөлт, зогсоосон үйл ажиллагаа. Бизнесийн нэгдлийн үед аж ахуй нэгж нь СТОУС 3-р шаардсан мэдээллийг тодруулна.
  • Санхүүгийн хэрэглүүрийн хувьд СТОУС 13-ийн 91-93и, 94-96, 98-98-р параграф болон СТОУС 7 -н 25, 26, 28-30-р параграфаар шаардсан бодит үнэ цэнийн талаархи тодруулга.
  • СТОУС 10-д тодорхойлсончлон, хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж болох эсвэл тийм аж ахуй нэгж байхаа больсон аж ахуй нэгжүүдийн хувьд СТОУС 12 -ын 9Б параграфт заасан тодруулга.
  • СТОУС 15-ын 114-115-р параграфт шаардсны дагуу худалдан авагчтай байгуулсан гэрээний орлогын дүнг салгаж тодруулах.

Материаллаг байдал

Завсрын үеийн санхүүгийн тайлагналын зорилгоор мөрийн зүйлсийг хэрхэн хүлээн зөвшөөрөх, хэмжих, ангилах, тодруулах эсэхийг шийдвэрлэхийн тулд материаллаг байдлыг тухайн завсрын үеийн санхүүгийн тоон мэдээтэй харьцуулж үнэлнэ. Материаллаг байдлын үнэлгээг хийхдээ завсрын үеийн хэмжилт нь жилийн санхүүгийн тоон мэдээний хэмжилтээс илүүтэйгээр тооцоололд тулгуурласан байж болно гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Жилийн санхүүгийн тайланд хийх тодруулга

Завсрын тайлант үед тайлагнасан дүнгийн тооцоолол нь тухайн санхүүгийн жилийн эцсийн завсрын тайлант үед мэдэгдэхүйц өөрчлөгдсөн боловч уг эцсийн завсрын үеийн тусдаа санхүүгийн тайланг хэвлэн нийтлээгүй байгаа бол тооцооллын өөрчлөлтийн шинж төрөл ба дүнг тухайн санхүүгийн жилд хамаарах жилийн санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана.

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт

Жилийн санхүүгийн тайлангийн нягтлан бодох бүртгэлийн бодлогоой ижил нягтлан бодох бүртгэлийн бодлого

Дараагийн жилийн санхүүгийн тайланд тусгагдах нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг уг хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлангийн өдрөөс хойш хийснээс бусад тохиолдолд аж ахуй нэгж нь өөрийн жилийн санхүүгийн тайланд мөрддөгтэй ижил нягтлан бодох бүртгэлийн бодлогыг завсрын үеийн санхүүгийн тайланд мөрдөнө. Гэхдээ аж ахуй нэгжийн тайлагналын давтамж (жилийн, хагас жилийн эсвэл улирлын) нь түүний жилийн үр дүнгийн хэмжилтэнд нөлөөлөхгүй. Энэхүү зорилтыг хангахын тулд завсрын үеийн тайлагналын зорилгоор хийгдэх хэмжилт нь тодорхой өдөр хүрэлх жилийн өссөн дүнд үндэслэнэ.

Улирлаар, мөчлөгөөр эсвэл тохиолдлын байдлаар хүлээн авсан орлого

Хэрэв урьдчилан бүртгэх эсвэл хойшлуулах нь тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн жилийн эцсээр тохиромжтой бус байхаар бол уг санхүүгийн жилийн дотор улирлаар, мөчлөгөөр эсвэл тохиолдлын байдлаар хүлээн авсан орлогыг завсрын тайлант үед урьдчилан бүртгэхгүй эсвэл хойшлуулахгүй.

Санхүүгийн жилийн туршид жигд бус гардаг өртөг зардал

Аж ахуй нэгжийн санхүүгийн жилийн туршид жигд бус гардаг өртөг зардлыг тухайн санхүүгийн жилийн эцсээр мөн урьдчилан бүртгэх эсвэл хойшлуулах нь тохиромжтой байх зөвхөн тийм тохиолдолд завсрын үеийн тайлагналын зорилгоор тэдгээр өртөг зардлыг урьдчилан бүртгэх буюу хойшлуулна.

Хүлээн зөвшөөрөлтийн болон хэмжилтийн зарчмуудыг мөрдөх

Тооцоолол ашиглах

Завсрын үеийн санхүүгийн тайланд баримтлах хэмжилтийн горимууд нь үр дүн болох мэдээлэл найдвартай бөгөөд тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн байдал буюу үйл ажиллагааны үр дүнг ойлгоход хамааралтай бүх материаллаг санхүүгийн мэдээллийг зохих ёсоор тодруулсан гэдгийг ханган магадлах тийм байдлаар төлөвлөгдөн зохиогдсон байна. Жилийн болон завсрын үеийн санхүүгийн тайлан дахь хэмжилтүүд нь ул үндэслэлтэй тооцоололд ямагт үндэслэдэг боловч ерөнхийдөө завсрын үеийн санхүүгийн тайлан бэлтгэлт нь жилийн тайлан бэлтгэлттэй харьцуулахад тооцооллын аргыг илүү ихээр ашиглахыг шаарддаг.