НББОУС 28: ХАРААТ КОМПАНИ БА ХАМТАРСАН ҮЙЛДВЭР ДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ  

Зорилго:        

Энэхүү стандартын зорилго нь хараат компани дахь хөрөнгө оруулалтын нягтлан бодох бүртгэлийг тодорхойлох ба хараат компаний болон хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалтыг бүртгэх үед өмчийн аргыг хэрэглэх шаардлагуудыг тогтоох явдал юм.

Цар хүрээ:

            Санхүүжигчийн хувьд хамтын хяналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөөтэй хөрөнгө оруулагч болох бүх аж ахуй нэгжүүд нь энэхүү стандартыг мөрдөнө.

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Хараат компани гэж хөрөнгө оруулагч нь түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй байх аж ахуй нэгж юм.

Нэгтгэсэн санхүүгийн тайлан гэдэг нь толгой компаний болон түүний охин компаниудын хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого, зардал, мөнгөн гүйлгээг эдийн засгийн нэг аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан мэтээр толилуулдаг группын санхүүгийн тайлан юм.

Өмчийн арга гэдэг нь хөрөнгө оруулалтыг эхлээд өртөгөөр хүлээн зөвшөөрөх ба үүний дараа санхүүжигчийн цэвэр хөрөнгө дэх тухайн хөрөнгө оруулагчийн хувь оролцоонд уг бизнесийн худалдан авалтаас хойш гарсан өөрчлөлтийн хувьд тохируулга хийдэг нягтлан бодох бүртгэлийн арга юм. Хөрөнгө оруулагчийн ашиг, алдагдал нь санхүүжигчийн ашиг, алдагдалд өөрийн эзлэх хувь хэмжээг багтаах ба тухайн хөрөнгө оруулагчийн бусад дэлгэрэнгүй орлого нь уг санхүүжигчийн бусад дэлгэрэнгүй орлогод өөрийн эзлэх хувь хэмжээг багтаасан байна.

Хамтын хэлэлцээр гэдэг нь хамтын хяналт бүхий хоёр буюу хэд хэдэн талуудын хоорондох хэлэлцээр юм.

Хамтын хяналт гэдэг нь хэлэлцээрийн хувьд гэрээгээр тохиролцсон хамтарсан хяналт бөгөөд холбогдох үйл ажиллагааны талаархи шийдвэр нь уг хамтын хяналт бүхий талуудын санал нэгтэй зөвшөөрлийг шаарддаг зөвхөн тийм тохиолдолд уг хяналт хэрэгжинэ.

Хамтарсан үйлдвэр гэдэг нь хэлэлцээрийн хувьд хамтын хяналт бүхий талууд нь тухайн хэлэлцээрийн цэвэр хөрөнгөд хамаарах тодорхой эрхтэй байдаг тийм хамтын хэлэлцээр юм.

Хамтарсан үйлдвэрийн хувь оруулагч гэдэг нь хамтарсан үйлдвэрт хамтын хяналттай, уг хамтарсан үйлдвэрийн оролцогч тал юм.

Мэдэгдэхүйц нөлөө гэдэг нь санхүүжигчийн санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогын шийдвэрт оролцох бүрэн эрхтэй боловч тэдгээр бодлогыг хянадаггүй буюу хамтран хянадаггүй байхыг хэлнэ.

Өмчийн арга

Өмчийн аргын дагуу хараат буюу хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалтыг анх хүлээн зөвшөөрөхдөө өртөгөөр бүртгэх бөгөөд тэрхүү бизнесийн худалдан авалтаас хойш санхүүжигчийн ашиг, алдагдалд тухайн хөрөнгө оруулагчийн эзлэх хувь хэмжээг хүлээн зөвшөөрөхийн тулд уг дансны үнийг нэмэгдүүлэх буюу бууруулдаг. Санхүүжигчийн ашиг, алдагдалд хөрөнгө оруулагчийн эзлэх хувь хэмжээг уг хөрөнгө оруулагчийн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрдөг. Санхүүжигчээс хүлээн авсан хуваарилалтаар тухайн хөрөнгө оруулалтын дансны үнийг бууруулдаг. Санхүүжигчийн бусад дэлгэрэнгүй орлогын өөрчлөлтийн улмаас үүссэн тухайн санхүүжигч дэх уг хөрөнгө оруулагчийн харгалзах хувь оролцооны өөрчлөлтийн хувьд дансны үнийг мөн тохируулах шаардлагатай байж болно. Им өөрчлөлтөд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ болон гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүүгээс үүссэн өөрчлөлт хамаардаг. Эдгээр өөрчлөлтийн хувьд тухайн хөрөнгө оруулагчид хамаарах хувь хэмжээг уг хөрөнгө оруулагчийн бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө.

Өмчийн арга хэрэглэхийг зогсоох

Аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалт нь хараат компани буюу хамтарсан үйлдвэр байхаа больсон өдрөөс эхлэн тухайн аж ахуй нэгж нь өмчийн арга хэрэглэхийг дараах байдлаар зогсооно.

  • Хэрэв хөрөнгө оруулалт нь охин компани болсон бол аж ахуй нэгж нь өөрийн хөрөнгө оруулалтыг СТОУС 3 ба СТОУС 10-ын дагуу тайлагнана.
  • Хэрэв өмнөх хараат компани буюу хамтарсан үйлдвэр дэх үлдсэн хувь оролцоо нь санхүүгийн хөрөнгө болсон бол аж ахуй нэгж нь уг үлдсэн хувь оролцоог бодит үнэ цэнээр хэмжинэ. Уг үлдсэн хувь оролцооны бодит үнэ цэнийг СТОУС 9-ийн дагуу санхүүгийн хөрөнгө байдлаар анх хүлээн зөвшөөрөх үеийн түүний бодит үнэ цэнэ гэж үзнэ. Аж ахуй нэгж нь дараах дүнгүүдийн хоорондох аливаа зөрүүг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
    • Аливаа үлдсэн хувь оролцооны бодит үнэ цэнэ ба хараат компани буюу хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны тодорхой хэсгийг данснаас хассаны аливаа мөнгөн орлого; ба
    • Өмчийн арга хэрэглэхийг зогсоосон өдрөөрх тухайн хөрөнгө оруулалтын дансны үнэ
  • Аж ахуй нэгж нь өмчийн арга хэрэглэхээ зогсоосон тохиолдолд уг хөрөнгө оруулалттай холбоотойгоор бусад дэлгэрэнгүй орлогод өмнө нь хүлээн зөвшөөрч байсан бүх дүнг хэрэв санхүүжигч нь холбогдох бүх хөрөнгө буюу өр төлбөрөө шууд данснаас хассан бол шаардах байсантай ижил сууриар тухайн аж ахуй нэгж нь тайлагнана.

Хэрэв хараат компани дахь хөрөнгө оруулалт нь хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалт болсон эсвэл хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалт нь хараат компани дахь хөрөнгө оруулалт болсон бол аж ахуй нэгж нь өмчийн аргаа үргэлжлүүлэн хэрэглэх бөгөөд уг үлдсэн хувь оролцоог дахин хэмжихгүй.

Өмчийн хувь оролцооны өөрчлөлт

Хараат компани буюу хамтарсан үйлдвэр дэх аж ахуй нэгжийн өмчлөлийн хувь оролцоо буурсан боловч уг хөрөнгө оруулалтыг хараат компани буюу хамтарсан үйлдвэр гэж ангилсан хэвээр байгаа тохиолдолд хэрэв мөнгөн хөрөнгө, өр төлбөрийг данснаас хасснаар түүний олз, гарзыг ашиг, алдагдалд дахин ангилахыг шаардах байсан бол бусад дэлгэрэнгүй орлогод өмнө нь хүлээн зөвшөөрч байсан олз, гарзын тэрхүү өмчийн хувь оролцооны бууралттай холбоотой хэсгийг тухайн аж ахуй нэгж нь ашиг, алдагдалд дахин ангилна.

Өмчийн аргыг хэрэглэх горимууд

Өмчийн аргыг хэрэглэх үедээ аж ахуй нэгж нь хараат компани буюу хамтарсан үйлдвэрийн бэлэн байгаа хамгийн сүүлийн тайлант үеийн санхүүгийн тайланг ашиглана. Аж ахуй нэгжийн тайлант үеийн эцэс нь хараат компани буюу хамтарсан үйлдвэрийн тайлант үеийн эцсээс өөр бол уг хараат компани буюу хамтарсан үйлдвэр нь практик боломжгүй байхаас бусад тохиолдолд тухайн аж ахуй нэгжийн хэрэгцээнд зориулан түүний тайлант үеийн эцэстэй ижил хугацаагаар өөрийн санхүүгийн тайланг бэлтгэж өгнө.

33-р параграфт заасны дагуу өмчийн аргыг хэрэглэх үедээ ашиглах уг хараат компани буюу хамтарсан үйлдвэрийн санхүүгийн тайланг тухайн аж ахуй нэгж түүнийг ашиглах тайлант хугацаанаас өөр хугацаагаар тасалбар болгон бэлтгэдэг тохиолдолд уг өөр өдөр ба аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн өдрийн хооронд гарч тохиолдсон мэдэгдэхүйц ажил гүйлгээ буюу үйл явдлын үр нөлөөний хувьд тохируулга хийнэ. Аливаа тохиолдолд тухайн аж ахуй нэгжийн тайлант үеийн эцэс бас хараат компани буюу хамтарсан үйлдвэрийн тайлант үеийн эцсийн хоорондох зөрүү нь 3-н сараас илүүгүй байвал зохино. Тайлант үеүедийн хугацааны урт, түүнчлэн тайлант үеүдийн эцсийн хоорондох аливаа зөрүү нь нэг тайлант үеэс дараагийн тайлант үед ижил байвал зохино.

Төсөөтэй нөхцөл байдалд гарч тохиолдсон ижил ажил гүйлгээ ба үйл явдлуудын хувьд нягтлан бодох бүртгэлийн нийтлэг бодлогыг ашигласнаар тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн тайланг бэлтгэнэ.