НББОУС 27: ТУСДАА САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Зорилго:

            Энэхүү стандартын зорилго нь аж ахуй нэгж тусдаа санхүүгийн тайлан гаргах тохиолдолд охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь түүний хөрөнгө оруулалтын хувьд нягтлан бодох бүртгэл ба тодруулгын шаардлагуудыг тодорхойлоход оршино.

Цар хүрээ:

            Аж ахуй нэгж нь тусдаа санхүүгийн тайлан толилуулахаар өөрөө сонголт хийсэн эсвэл ингэж толилуулахыг орон нутгийн хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь хөрөнгө оруулалтын нягтлан бодох бүртгэлд энэхүү стандартыг мөрдөнө.

Тодорхойлолт:

            Дараах нэр томьёог энэ стандартад доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Нэгтгэсэн санхүүгийн тайлан гэдэг нь толгой компаний болон түүний охин компаниудын хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зардал, мөнгөн гүйлгээг эдийн засгийн нэг аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан мэтээр толилуулдаг группын санхүүгийн тайлан юм.

Тусдаа санхүүгийн тайлан гэдэг нь охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь өөрийн хөрөнгө оруулалтыг СТОУС 9-ийн дагуу өртөгөөр нь эсвэл НББОУС 28-д заасан өмчийн аргыг ашиглан тайлагнах сонголтыг энэхүү стандартын шаардлагуудын дагуу хийж чадах тийм аж ахуй нэгжийн толилуулж буй санхүүгийн тайлан юм.

Тусдаа санхүүгийн тайлан гаргах:

10-р параграфт зааснаас бусад тохиолдолд тусдаа санхүүгийн тайланг холбогдох бүх СТОУС-н дагуу гаргана.

Аж ахуй нэгж нь тусдаа санхүүгийн тайлан гаргадаг тохиолдолд охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь өөрийн хөрөнгө оруулалтыг дараах хувилбаруудын аль нэгээр бүртгэж тайлагнана.

  • Өртгөөр нь
  • СТОУС 9-н дагуу
  • НББОУС 28-д заасны дагуу өмчийн аргыг ашиглан

Аж ахуй нэгж нь хөрөнгө оруулалтын төрөл тус бүрийн хувьд нягтлан бодох бүртгэлийн нэг  ижил аргыг хэрэглэнэ. Хөрөнгө оруулалтыг бууруулах эвэл хуваарилах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан (борлуулах эсвэл хуваарилах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан данснаас хасах бүлэг хөрөнгөнд хамааруулсан) тохиолдолд өртгөөр нь эсвэл өмчийн аргыг ашиглан бүртгэсэн хөрөнгө оруулалтыг СТОУС 5-ын дагуу тайлагнана. СТОУС 9-ийн дагуу тайлагнасан хөрөнгө оруулалтын хэмжилт нь энэ тохиолдолд өөрчлөгдөхгүй.

Ногдол ашиг авах тухайн аж ахуй нэгжийн эрхийг тодорхойлон тогтоосон тохиолдолд охин компани, хамтарсан үйлдвэр эсвэл хараат компаниас авах ногдол ашгийг уг аж ахуй нэгж тусдаа санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрнө. Аж ахуй нэгж нь өмчийн арга ашиглах сонголт хийгээгүй л бол ногдол ашгийг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Харин өмчийн аргыг ашиглахаар сонгосон бол ногдол ашгийг тухайн хөрөнгө оруулалтын дансны үнийн бууралт байдлаар хүлээн зөвшөөрдөг.

Тодруулга:

Аж ахуй нэгж нь өөрийн тусдаа санхүүгийн тайландаа тодруулга хийж байгаа тохиолдолд холбогдох бүх СТОУС-ыг үүн дотроо 16-17-р параграфт заасан шаардлагуудыг даган мөрдөнө.

Толгой компани нь СТОУС 10-ын 4а параграфын дагуу нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргахгүй, харин тусдаа санхүүгийн тайлан бэлтгэх сонголт хийсэн тохиолдолд тэрхүү тусдаа санхүүгийн тайланд дараах зүйлсийг тодруулна.

  • Санхүүгийн тайлан нь тусдаа санхүүгийн тайлан бол энэ тухай: нэгтгэлээс чөлөөлөгдөх заалтыг хэрэглэсэн эсэх, СТОУС-д нийцсэн, нэгтгэсэн санхүүгийн тайланг олон нийтэд зориулан бэлтгэдэг уг аж ахуй нэгжийн нэр ба бизнес явуулж буй үндсэн байршил (хэрэв өөр бол үүсгэн байгуулагдсан улс) тухайн нэгтгэсэн санхүүгийн тайланг олж авч болох хаяг
  • Охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь томоохон хөрөнгө оруулалтын жагсаалт, үүнд:
    • Тэдгээр санхүүжигчдийн нэр
    • Тэдгээр санхүүжигчдийн бизнес явуулж буй үндсэн байршил
    • Тэдгээр санхүүжигчдэд эзэмшиж байгаа өмчлөлийн хувь оролцооны хэмжээ
  • Дээр жагсаасан хөрөнгө оруулалтыг бүртгэхэд ашиглсан аргын тайлбар тодорхойлолт

Толгой компани болох  хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж нь 8А параграфын дагуу өөрийн цорын ганц санхүүгийн тайлан болгон тусдаа санхүүгийн тайланг гаргадаг тохиолдолд энэ тухай тодруулна. Уг хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж нь СТОУС 12-д шаардсан, хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжүүдэд хамаарах тодруулгуудыг мөн тодруулна.

Санхүүжигчийн хувьд хамтын хяналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг толгой компани (16-16А параграфт заасан толгой компаниас бусад) буюу хөрөнгө оруулагч нь тусдаа санхүүгийн тайлан бэлтгэдэг тохиолдолд уг толгой компани буюу хөрөнгө оруулагч нь санхүүгийн тайлангаа түүний хамаарах СТОУС 10, СТОУС 11 эсвэл НББОУС 28-ын дагуу бэлтгэсэн эсэхээ тодорхойлно. Толгой компани буюу хөрөнгө оруулагч нь өөрийн тусдаа санхүүгийн тайландаа мөн дараах зүйлсийг тодруулна.

  • Тэрхүү тайлан нь тусдаа санхүүгийн тайлан бол энэ тухай, мөн хэрэв хуулиар шаардаагүй бол яагаад уг тайланг гаргах болсон шалтгаан
  • Охин компани, хамтарсан үйлдвэр, хараат компани дахь томоохон хөрөнгө оруулалтын жагсаалт, үүнд;
    • Тэдгээр санхүүжигчдийн нэр
    • Тэдгээр санхүүжигчдийн бизнес явуулж буй үндсэн байршил (хэрэв өөр бол үүсгэн байгуулагдсан улс)
    • Тэдгээр санхүүжигчдэд эзэмшиж байгаа өмчлөлийн хувь оролцооны хэмжээ (хэрэв өөр бол түүний саналын эрхийн хувь хэмжээ)
  • Дээр жагсаасан хөрөнгө оруулалтыг бүртгэхэд ашигласан аргын тайлбар тодорхойлолт