НББОУС 23: ЗЭЭЛИЙН ӨРТӨГ
Үндсэн зарчим:
Шалгуур хангах хөрөнгийн худалдан авалт, барьж байгуулалт буюу үйлдвэрлэлтэнд шууд хамааруулж болох зээлийн өртөг нь тухайн хөрөнгийн өртөгийн нэг хэсэг болно. Бусад зээлийн өртөгийг зардал гэж хүлээн зөвшөөрнө.
Цар хүрээ:
Аж ахуй нэгж нь зээлийн өртөгийг тайлагнахдаа энэхүү стандартыг дагаж мөрдөнө.
Энэ стандарт нь өмчийн үүн дотроо өр төлбөр гэж ангилаагүй давуу эрхтэй хувьцааны бодит буюу тооцоолсон өртөгт хамаарахгүй.
Аж ахуй нэгж нь дараах хөрөнгийн худалдан авалт, барьж байгуулалт буюу үйлдвэрлэлтэнд шууд хамааруулж болох зээлийн өртгийн хувьд энэ стандартыг мөрдөх шаардлагагүй.
- Бодит үнэ цэнээр хэмжсэн шалгуур хангах хөрөнгө, жишээлбэл: НБББОУС41 -н цар хүрээнд хамаарах биологийн хөрөнгө; эсвэл
- Дахин давтагдах байдлаар олон тоо хэмжээгээр үйлдвэрлэдэг буюу бусад байдлаар бий болгодог бараа материал.
Тодорхойлолт:
Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
- Зээлийн өртөг гэдэг нь мөнгө санг зээлдэн авахтай холбоотойгоор аж ахуй нэгжийн гаргах хүүний болон бусад зардал юм.
- Шалгуур хангах хөрөнгө гэдэг нь түүнийг зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулахад бэлэн болгоход нилээд их цаг хугацааг зайлшгүй шаарддаг хөрөнгө юм.
Хүлээн зөвшөөрөлт:
Аж ахуй нэгж нь шалгуур хангах хөрөнгийн худалдан авалт, барьж байгуулалт буюу үйлдвэрлэлд шууд хамааруулж болох зээлийн өртгийг тухайн хөрөнгийн өртгийн нэг хэсэг болгон капиталжуулна. Аж ахуй нэгж нь зээлийн бусад өртгийг тэдгээрийн гарсан тайлант үед зардал гэж хүлээн зөвшөөрнө.
Капиталжуулах боломжтой зээлийн өртөг
Аж ахуй нэгж нь шалгуур хангах хөрөнгийг олж авах зорилгоор мөнгө санг тусгайлан зээлдэн авсан тохиолдолд тухайн аж ахуй нэгж нь тайлант үеийн туршид уг зээлийн хувьд гарсан зээлийн бодит өртөгөөс тэрхүү зээлийг түр хугацаагаар эргэлдүүлэн хөрөнгө оруулалт хийснээр олсон аливаа хөрөнгө оруулалтын орлогыг хассан дүнгээр капиталжуулах боломжтой зээлийн өртөгийн дүнг тодорхойлно.
Аж ахуй нэгж нь мөнгө санг ерөнхий зориулалтаар зээлдэн авсан боловч шалгуур хангах хөрөнгийг олж авах зорилгоор тэрхүү мөнгө санг ашигласан тохиолдолд уг аж ахуй нэгж нь тухайн хөрөнгөд хийгдсэн зарлагын дүнг капиталжуулалтын түвшинээр үржүүлснээр капиталжуулах боломжтой зээлийн өртгийн дүнг тодорхойлно. Капиталжуулалтын түвшин нь тухайн тайлант үеийн туршид төлөгдөөгүй байгаа уг аж ахуй нэгжийн бүх зээлд хамаарах зээлийн өртгийн жинэлсэн дундаж юм. Гэхдээ энэ аж ахуй нэгж нь шалгуур хангах хөрөнгийг олж авах зорилгоор тусгайлан авсан зээлд хамаарах зээлийн өртгийг тухайн хөрөнгийг түүний зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулахад бэлэн болгоход шаардлагатай бараг бүх үйл ажиллагаа хэрэгжиж дуусах хүртэл энэхүү тооцоололд оруулахгүй. Аж ахуй нэгж нь тайлант үеийн туршид капиталжуулах зээлийн өртгийн дүн нь тухайн тайлант үед гарсан зээлийн өртгийн дүнгээс хэтрэх ёсгүй.
Капиталжуулалтын эхлэл
Аж ахуй нэгж нь зээлийн өртгийг тухайн эхлэлийн өдрөөс уг шалгуур хангах хөрөнгийн өртөгийн нэг хэсэг болгон капиталжуулж эхэлнэ. Капиталжуулалтын эхлэлийн өдөр нь тухайн аж ахуй нэгж дараах бүх нөхцлүүдийг анх ханган биелүүлсэн өдөр юм.
- Тухайн хөрөнгийн хувьд зарлага гаргасан.
- Зээлийн өртөг зардал гаргасан; ба
- Тухайн хөрөнгийг түүний зориулалтын дагуух ашиглалт эсвэл борлуулалтанд бэлтгэхэд шаардлагатай үйл ажиллагааг эхэлсэн.
Капиталжуулалтыг хойшлуулах
Аж ахуй нэгж нь шалгуур хангах хөрөнгийн идэвхитэй хөгжүүлэлтийг хойшлуулсан тохиолдолд энэхүү сунгасан хугацааны туршид зээлийн өртгийн капиталжуулалтыг мөн хойшлуулна.
Капиталжуулалтыг зогсоох
Шалгуур хангах хөрөнгийг түүний зориулалтын ашиглалт эсвэл борлуулалтанд бэлтгэх шаардлагатай бараг бүх үйл ажиллагааг дууссан үед аж ахуй нэгж нь зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно.
Аж ахуй нэгж нь шалгуур хангах хөрөнгийн барилгын ажлыг хэсэгчлэн дуусгадаг бөгөөд тэдгээр дууссан хэсэг тус бүрийг бусад хэсгүүдийн барилгын ажил үргэлжилж байх явцад ашиглах боломжтой тохиолдолд тухайн аж ахуй нэгж нь тэрхүү дууссан хэсгийг түүний зориулалтын дагуу ашиглалт буюу борлуулалтанд бэлтгэхэд шаардлагатай бараг бүх ажиллагаа дууссан үеэр түүний зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно.
Тодруулга
Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.
- Тухайн тайлант үеийн туршид капиталжуулсан зээлийн өртгийн өртгийн дүн ; ба
- Капиталжуулах боломжтой зээлийн өртгийн дүнг тодорхойлоход ашигласан капиталжуулалтын дүн