НББОУС 2: БАРАА МАТЕРИАЛ

Зорилго:

Энэ стандартын зорилго нь бараа материалыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино. Бараа материалын нягтлан бодох бүртгэлийн үндсэн асуудал нь хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх ба холбогдох орлогыг хүлээн зөвшөөрөх хүртэл дараагийн үеүдэд тусгах өртөгийн дүнг тодорхойлох явдал байдаг. Энэхүү стандарт нь өртөгийг тодорхойлох, түүнчлэн түүнийг дараа нь зардал гэж хүлээн зөвшөөрөх, үүн дотроо цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл бууруулах талаархи заавар удирамжийг хангадаг. Мөн энэ стандарт нь өртөгийг бараа материалд шингээн хуваарилах өртөгийн томъёоллын талаарх заавар удирдамжаар хангадаг.   

Цар хүрээ:

Энэ стандартыг доор дурдснаас бусад бүх бараа материалд мөрдөнө.

  • Санхүүгийн хэрэглүүр (НББОУС 32, СТОУС 9)
  • Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд үр шим хүртэх үеийн биологийн хөрөнгө (НББОУС 41)

Дараах этгээдийн эзэмшиж байгаа бараа материалыг хэмжихэд энэхүү стандартыг мөрдөхгүй.

  • Тухайн салбарт нийтлэг тогтсон НББ-н практикийн дагуу цэвэр боломжит үнэ цэнээр нь хэмждэг ХАА-н болон ойн аж ахуйн цаашид боловсруулах бүтээгдэхүүн, үр шим авалтын дараах ХАА-н бүтээгдэхүүн, ашигт малтмал ба ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид. Эдгээр бараа материалыг цэвэр боломжит үнэ цэнээр н хэмждэг тохиолдолд уг үнэ цэнийн өөрчлөлтийг тухайн өөрчлөлт гарсан тайлант үед ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.
  • Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр өөрсдийн бараа материалыг хэмжиэ бүртгэдэг түүхий эдийн брокер-худалдаачид. Бараа материалыг түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр нь хэмждэг тохиолдолд уг борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтийг тухайн өөрчлөлт гарсан тайлант үед ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.

Тодорхойлолт:

Энэ стандарт нь дараах нэр томъёог доор дурьдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Бараа материал гэдэг нь дараах хөрөнгүүд юм.

  • Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа
  • Ингэж борлуулахын тулд үйлдвэрлэлийн процесст байгаа; эсвэл
  • Үйлдвэрлэлийн процесст эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглан зарцуулагдах материал ба хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа

Цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тогтоосон үнээс түүнийг иж бүрдэл болгох ба борлуулахад шаардлагатай тооцоолсон өртөг, зардлыг хассан дүн юм.

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хооронд тэдний өөрсдийн хүсэл зоригоор хийгдэх ажил гүйлгээгээр уг хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнэ юм.

Бараа материалын хэмжилт:

Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь хэмжинэ.

Бараа материалын өртөг:

Бараа материалын өртөг нь худалдан авалтын бүх зардал, хувиргалтын зардал болон тухайн бараа материалыг түүний одоогийн байршил ба төлөв байдалд оруулахтай холбогдож гарсан бусад зардлаас бүрдэнэ.

Худалдан авалтын өртөг:

Бараа материалын худалдан авалтын өртөг нь худалдан авсан үнэ, импортын татвар ба бусад татвар, тээвэрлэлт, ачих буулгах зардал болон бэлэн бүтээгдэхүүн, материал, үйлчилгээний худалдан авалтанд шууд хамаарах бусад зардлуудаас бүрддэг. Худалдан авалтын өртөгийг тодорхойлохдоо худалдааны хөнгөлөлт, урамшуулал болон бусад адилтгах зүйлсийг хасна.

Өртөгийн томъёолол:

Харилццан солиж орлуулах боломжгүй бараа материал, түүнчлэн тусгай төслүүдэд зориулан үйлдвэрлэсэн ба тсгаарласан бараа эсвэл үйлчилгээний өртөгийг тэдгээрийн тухайн тодорхой өртөгийн тусгайлан тэмдэглэлтийг ашигласнаар тодорхойлдог.

Зардал хүлээн зөвшөөрөх:

Бараа материалыг борлуулах тохиолдолд түүний холбогдох орлогыг хүлээн зөвшөөрснөөр тайлант үед тэрхүү бараа материалын дансны үнийг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Бараа материалыг түүний цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл бууруулсан аливаа бууруулалтын дүн ба бараа материалын бүх гарзыг тэдгээр бууруулалт эсвэл гарз гарсан тайлант үед зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Бараа материалын аливаа бууруулалтыг цэвэр боломжит үнэ цэнэ өссний үр дүнд буцаах аливаа буцаалтыг өмнө нь зардлаар хүлээн зөвшөөрсөн бараа маьтериалын дүнгийн бууралт байдлаар тухайн буцаалт хийгдсэн тайлант үед хүлээн зөвшөөрнө.

Тодруулга:

Санхүүгийн тайланд дараах зүйлсийг тодруулна.

  • Бараа материалыг хэмжихэд баримтласан нягтлан бодох бүртгэлийн бодлого, үүн дотроо ашигласан өртөгийн томъёолол
  • Бараа материалын нийт дансны үнэ болон тухайн аж ахуй нэгжид тохирох ангилал тус бүрийн бараа материалын дансны дүн
  • Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр бүртгэсэн бараа материалын дансны үнэ
  • Тухайн тайлант үед зардлаар хүлээн зөвшөөрсөн бараа материалын дүн
  • Энэ стандартын 34-р параграфт заасны дагуу тухайн тайлант үед зардлаар хүлээн зөвшөөрсөн бараа матриалын аливаа борлуулалтын дүн
  • Энэ стандартын 34-р параграфт заасны дагуу зардал гэж хүлээн зөвшөөрсөн бараа материалын дүнгийн бууралт байдлаар тухайн тайлант үед хүлээн зөвшөөрсөн аливаа бууралтын буцаалтын дүн
  • Энэ стандартын 34-р параграфт заасны дагуу бараа материалын бууруулалтын буцаалт хийхэд хүргэсэн нөхцөл байдал буюу үйл явдал
  • Өр төлбөрийн баталгаа болгож барьцаалсан бараа материалын дансны үнэ