НББОУС 16: ҮНДСЭН ХӨРӨНГӨ
Зорилго:
Энэ стандартын зорилго нь аж ахууй нэгж өөрийн үндсэн хөрөнгөндөө хийсэн хөрөнгө оруулалт болон тэрхүү хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар олж авах боломжтой байдлаар үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино. Үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн үндсэн асуудал нь хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнийн тодорхойлолт болон хөрөнгөтэй холбоотойгоор хүлээн зөвшөөрөх элэгдлийн зардал ба үнэ цэнийн бууралтын гарзын тооцоололт юм.
Цар хүрээ:
Бусад Стандартаар нягтлан бодох бүртгэлийн өөр арга хандлагыг шаардсан буюу зөвшөөрснөөөс бусад тохиолдолд үндсэн хөрөнгийн нягглан бодох бүртгэлд энэхүү стандартыг дагаж мөрдөнө.
Тодорхойлолт:
Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
Эх ургамал гэдэг дараах шинж чанар бүхий амьд ургамал юм.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэнд ашиглдаг
- Нэгээс дээш тайлант үеийн хувьд бүтээгдэхүүн өгөхөөр хүлээгдэж буй; ба
- Тохиолдын шинжтэйгээр хаягдал бүтээгдэхүүн байдлаар борлуулахаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэдэг утгаар борлуулагдах магадлал багатай
Дансны үнэ гэдэг нь аливаа хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнэ бууралтын гарзыг хассны дараах хөрөнгийг хүлээн зөвшөөрч байгаа дүн юм.
Өртөг гэдэг нь хөрөнгийг олж эзэмшихийн тулд түүнийг худалдан авах эсвэл барьж байгуулах хугацаанд төлсөн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүн буюу өгсөн бусад зүйлсийн бодит үнэ цэнэ, түүнчлэн хамааралтай байх тохиолдолд бусад СТОУС-ууд тухайлбал СТОУС 2-ийн тусгай шаардлагуудын дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөх үед тухайн хөрөнгөнд шингээн хамааруулсан дүн юм.
Элэгдүүлэх дүн гэдэг нь хөрөнгийн өртөгөөс эсвэл өртөгийг орлох бусад дүнгээс түүний үлдэх өртөгийг хассан дүнг хэлнэ.
Аж ахуй нэгжийн тусгайлсан үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн тасралтгүй ашиглалтаас болон түүний ашиглалтын хугацааны эцэс дэх данснаас хасалтаас үүсэхээр эсвэл өр төлбөрийг барагдуулах үед зарцуулахаар уг аж ахуй нэгжийн хүлээж буй мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм.
Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм.
Үнэ цэнийн бууралтын гарз гэдэг нь хөрөнгийн дансны үнэ өөрийн нөхөгдөх дүнгээс давж илүү гарсан дүн юм.
Үндсэн хөрөнгө гэдэг нь дараах шинжтэй биет зүйлсийг хэлнэ. Үүнд:
- Бараа, үйлчилгээний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэнд ашиглах, бусдад түрээслэх эсвэл удирдлагын хэрэгцээнд ашиглах зорилгоор эзэмшиж байгаа; ба
- Нэгээс дээш тайлант үед ашиглагдахаар хүлээгдэж буй
Нөхөгдөх дүн гэдэг нь хөрөнгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ ба түүний ашиглалтын үнэ цэнийн аль өндөр дүн юм.
Хөрөнгийн үлдэх өртөг гэдэг нь хэрэв уг хөрөнгө ашиглагдаж, насжилттай болвол түүний ашиглалтын хугаццааны эцэст хүлээгдэж буй тэрхүү нөхцөл байдалд хөрөнгийг данснаас хассантай холбоотой тооцоолсон зардлыг хассны дараа уг аж ахуй нэгж тухайн хөрөнгийн данснаас хасалтаар одоо хүлээн авах тооцоолсон дүн юм.
Ашиглалтын хугацаа гэдэг нь
- аж ахуй нэгжид уг хөрөнгө ашиглагдах боломжтой байхаар хүлээгдэж буй хугацаа; эсвэл
- аж ахуй нэгж тухайн хөрөнгөөс олж авахаар хүлээгдэж буй бүтээгдэхүүн буюу түүнтэй ижил төсөөтэй нэгжүүдийн тоо хэмжээ.
Хүлээн зөвшөөрөлт
Үндсэн хөрөнгийн өртөгийг зөвхөн дараах тохиолдолд хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.
- Тухайн хөрөнгөтэй холбоотой ирээдүйн эдийн засгийн үр өгөөж нь тухайн аж ахуй нэгжид орох нилээд их магадлалтай байх; ба
- Хөрөнгийн өртөгийг найдвартай хэмжиж чадах
Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаж буй үндсэн хөрөнгийн зүйлийг түүний өртггөөр хэмжинэ.
Хүлээн зөвшөөрөлтийн дараах хэмжилт
Аж ахуй нэгж нь 30-р параграфт заасан өртөгийн загвар эсвэл 31-р параграфт заасан дахин үнэлгээний загварын аль нэгийг өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого болгон сонгох бөгөөд тэрхүү бодлогыг үндсэн хөрөнгийн нийт ангийн хувьд мөрдөнө.
Өртөгийн загвар
Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа, үндсэн хөрөнгийн зүйлийг өртөгөөс түүний аливаа хуримтлагдсан элэгдэл ба аливаа хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүнгээр бүртгэж, тусгана.
Дахин үнэлгээний загвар
Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа, бодит үнэ цэнийг нь найдвартай хэмжиж чадах үндсэн хөрөнгийн зүйлийг түүний дахин үнэлсэн дүнгээр бүртгэж тусгана. Энэ нь дахин үнэлгээний өдрөөрх хөрөнгийн бодит үнэ цэнээс дараа үеийн аливаа хуримтлагдсан элэгдэл ба дараа үеийн хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн юм. Тайлагналын үеийн эцэс дэх бодит үнэ цэнийг ашигласнаар тодорхойлсон дүнгээс дансны үнэ нь материаллаг зөрүүгүй гэдгийг ханган магадлахын тулд дахин үнэлгээг хангалттай тогтмол хийдэг байвал зохино.
Хэрэв үндсэн хөрөнгийн зүйлийг дахин үнэлэх бол тухайн хөрөнгийн харьяалагдаж буй үндсэн хөрөнгийн нийт ангийг дахин үнэлнэ.
Хэрэв дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдвэл тэрхүү нэмэгдэлтийг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрөх ба дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр өмчид хуримтлуулан бүртгэнэ. Харин өмнө нь ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн тухайн нэг хөрөнгийн үнэлгээний бууралтыг буцааж буй хэмжээгээр тэрхүү нэмэгдэлтийг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
Хэрэв дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ буурвал тэрхүү бууралтын ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Харин тухайн нэг хөрөнгөтэй холбоотой дахин үнэлгээний нэмэгдэл дансанд тусгагдсан аливаа кредит үлдэгдлийн хэмжээгээр тэрхүү бууралтыг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө. Бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн уг бууралт нь дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр өмчид хуримтлагдан тусгагдсан дүнг бууруулна.
Элэгдэл
Үндсэн хөрөнгийн тухайн зүйлийн нийт өртөгтэй харьцуулахад мэдэгдэхүйц өртөг бүхий хэсэг бүрийг тусад нь элэгдүүлнэ.
Тайлант үе бүрийн элэгдлийн зардлыг хэрэв өөр нэг хөрөнгийн дансны үнэд тусган оруулаагүй л бол ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
Элэгдүүлэх дүн ба элэгдүүлэх хугацаа
Хөрөнгийн элэгдлүүлэх дүнг түүний ашиглалтын хугацааны туршид системчисэн сууриар хуваарилна.
Хөрөнгийн үлдэх өртөг ба ашиглалтын хугацааг наад зах нь санхүүгийн жил бүрийн эцэст хянаж үзэх ба хэрэв хүлээлт нь өмнөх тооцооллоос өөр байвал уг өөрчлөлтийг НББОУС 8-ын дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт байдлаар тайлагнана.
Элэгдлийн арга
Ашиглах элэгдлийн арга нь тухайн аж ахуй нэгж уг хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг зарцуулан ашиглахаар хүлээгдэж буй хэв загварыг тусгасан байвал зохино.
Хөрөнгийн хувьд хэрэглэх элэгдлийн аргыг наад зах нь санхүүгийн жил бүрийн эцэст хянаж үзэх ба тухайн хөрөнгөд агуулагдаж буй ирээдүйн эдийн засгийн өгөөжийг зарцуулан ашиглах хүлээгдэж буй хэв загварт мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан бол тэрхүү өөрчлөгдсөн хэв загварыг тусгахын тулд элэгдлийн аргыг өөрчлөх хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг НББОУС 8-ын дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт байдлаар бүртгэж, тусгана.
Үнэ цэнийн бууралт
Үндсэн хөрөнгийг үнэ цэнэ буурсан эсэхтйг тодорхойлохдоо, аж ахуй нэгж нь НББОУС 36 -г мөрдөнө. Аж ахуй нэгж нь хөрөнгийн дансны үнийг хэрхэн хянаж үзэх түүний мөрдөх дүнг хэрхэн тодорхойлох, үнэ цэнийн бууралтын гарзыг хэзээ хэрхэн хүлээн зөвшөөрөх буюу уг хүлээн зөвшөөрөлтийг буцаах эсэхийг энэ стандартад тайлбарласан болно.
Үнэ цэнийн бууралтын нөхөн төлбөр
Үнэ цэнэ буурсан, гарз хүлээсэн эсвэл шилжүүлэн өгсөн үндсэн хөрөнгийн зүйлсийн хувьд гуравдагч талаас авахаар авлага үүссэн үед нөхөн төлбөрийг ашиг, алдагдалд тусгана.
Үл хүлээн зөвшөөрөлт
Үндсэн хөрөнгийн зүйлийн дансны үнийг дараах тохиолдолд үл хүлээн зөвшөөрнө.
- Данснаас хасан; эсвэл
- Хөрөнгийн ашиглалт буюу данснаас хасалтаар хүлээгдэж буй ирээдүйн эдийн засгийн үр өгөөжгүй болсон.
Үндсэн хөрөнгийн зүйлийн үл хүлээн зөвшөөрөлтөөс үүссэн олз буюу гарзыг тухайн зүйлийг үл хүлээн зөвшөөрсөн үед (СТОУС 16 түрээс нь борлуулалт ба буцаан түрээслэлтийн хувьд өөрөөр зааснаас бусад тохиолдолд) ашиг, алдагдалд тусган оруулна. Олзыг орлого гэж ангилахгүй байвал зохино.
Үндсэн хөрөнгийн зүйлийн үл хүлээн зөвшөөрөлтөөс үүссэн олз буюу гарзыг хэрэв байгаа бол данснаас хасалтын цэвэр орлого ба тухайн хөрөнгийн дансны үнэ хоорондох зөрүүгээр тодорхойлно.
Тодруулга
Үндсэн хөрөнгийн анги тус бүрийн хувьд санхүүгийн тайланд дараах зүйлсийг тодруулна.
- Нийт дансны үнийг тодорхойлоход ашигласан хэмжилтийн сууриуд
- Ашигласан элэгдлийн арга
- Ашиглалтын хугацаа буюу ашигласан элэгдлийн хувь хэмжээ
- Тайлант үеийн эхэн бас эцэс дэх нийт дансны үнэ ба хуримтлагдсан элэгдэл (хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзтай нэгтгэн нийлүүлсэн); ба
- Доорх зүйлсийг харуулсан, тайлант үеийн эхэн ба эцэс дэх дансны үнийн тодруулга
- Нэмэгдэлт
- СТОУС 5-ын дагуу борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж ангилсан данснаас хасах бүлэгт оруулсан хөрөнгүүд
- Бизнесийн нэгдлээрх худалдан авалт
- 31, 39, 40-р параграфын дагуу дахин үнэлгээний үр дүнд, түүнчлэн НББОУС 36-ын дагуу бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн эсвэл түүнээс буцаасан үнэ цэнийн бууралтын гарзын үр дүнд нэмэгдсэн буюу буурсан дүн
- НББОУС 36-ын дагуу ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарз
- НББОУС 36-ын дагуу ашиг, алдагдалд буцаан тусгасан үнэ цэнийн бууралтын гарз
- Элэгдэл
- Санхүүгийн тайлангийн толилуулгын валютаас өөр валютаар хөрвүүлснээс үүн дотроо гадаад үйл ажиллагааг тухайн тайлагнагч аж ахуй нэгжийн толилуулгын валютад хөрвүүлснээс үүссэн ханшийн цэвэр зөрүү ; ба
- Бусад өөрчлөлтүүд
Санхүүгийн тайланд мөн дараах зүйлсийг толилуулна.
- Үндсэн хөрөнгийн эрхийн хязгаарлалт ба түүний дүн, түүнчлэн өр төлбөрийн баталгаа болгон барьцаалсан үндсэн хөрөнгө
- Барьж байгуулах явцад тухайн үндсэн хөрөнгийн дансны үнэд хүлээн зөвшөөрсөн зарлагын дүн
- Үндсэн хөрөнгийг худалдан авах талаарх гэрээний харуцлагын дүн
- Хэрэв бусад дэлгэрэнгүй орлогын тайланд тусдаа толилуулаагүй бол үнэ цэнэ буурсан, гарз хүлээсэн эсвэл шилжүүлсэн өгсөн үндсэн хөрөнгийн зүйлсийн хувьд гуравдагч талаас авах бөгөөд ашиг, алдагдалд тусган оруулсан нөхөн төлбөрийн дүн
Хэрэв үндсэн хөрөнгийн зүйлсийг дахин үнэлсэн дүнгээр илэрхийлсэн бол СТОУС 13-ын дагуу шаардсан тодруулгаас гадна дараах зүйлсийн тодруулгыг хийнэ.
- Дахин үнэлгээний хүчин төгөлдөр болох өдөр
- Хараат бус үнэлгээчинг оролцуулсан эсэх
- Дахин үнэлсэн үндсэн хөрөнгийн анги тус бүрийн хувьд хэрэв тухайн хөрөнгийг өртөгийн загварын дагуу бүртгэсэн бол хүлээн зөвшөөрөх байсан дансны үнэ; ба
- Дахин үнэлгээний нэмэгдэл, үүнд тайлант үед гарсан өөрчлөлт ба хувьцаа эзэмшигчдэд хуваарилах үлдэгдэлд тавигдах аливаа хязгаарлалтыг заан илэрхийлэх
Шилжилтийн нөхцөл
Хөрөнгийн солилцооны ажил гүйлгээгээр олж эзэмшсэн үндсэн хөрөнгийн анхны хэмжилтийн талаарх 24-26-р параграфт заасан шаардлагуудыг зөвхөн ирээдүйн ажил гүйлгээний хувьд гүйцээх горимоор мөрдөнө.